Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ баасан гарагт эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор товлон зарлагдаж улмаар сонгуулийн  хуулийн хэрэгжилт хэвийн явагдаж, бэлтгэлийг  хангаж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан манай сурвалжлагч хуулийн зарим зүйл, заалтыг тодруулж өгөхийг хүсч Сонгуулий Ерөнхий

 Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргалд хандсан юм.

 - Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээнээс эхлэх вэ гэсэн асуулт уншигчдийн сонирхолыг татаж байна?

 -Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, арав хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан байгаа. Тодруулж хэлэхэд, Улсын Их Хурал 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тул 5 дугаар сарын 3-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, 5 дугаар сарын 12-ныг дуусталх хугацаанд явагдах юм. 

-Нэр дэвшигч гэж хэнийг хэлэх вэ? Ямар шаардлагыг хангасан хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй талаар тайлбарлаж өгнө үү?

 -“Нэр дэвшигч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлэн улмаар нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг хэлнэ.   

   Харин уугуул  гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа иргэнийг гэж ойлгохоор байгаа.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6.3-т заасан шаардлагыг хангасан буюу “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчид  нэр дэвших эрхтэй. 

  Үүнээс гадна нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,  барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй, ялгүй байх шаардлагыг хангасан байна. 

 - Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хаанаас ямар журмаар нэр дэвшүүлэх вэ?

 - Энэ талаар хуульд тодорхой заасан байгаа. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй. Нам дангаар нэр дэвшүүлэхэд Намын Их хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

Нам нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол,  туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэж хуульд заасан байна.

Мөн нэг намын гишүүнийг нөгөө намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хуулиар хориглосон байгаа. 

 -Намууд хамтарч нэр дэвшүүлэх тохиолдолд юуг анхаарах вэ?

  -Намууд хамтарч сонгуульд  нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой. Ийнхүү хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүлэх тухай асуудал шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Энэ шийдвэртээ хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох  хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн  нэр, тоо,

түүнчлэн сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээг тус тус тусгасан байна.

Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрлэснээс хойш нам дангаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, түүнчлэн сонгуулийн зардлын сан байгуулахыг хуулиар хориглосныг анхаарах ёстой.

 1.-Нэр дэвшигчийг  хэрхэн бүртгэх талаар тайлбарлаж өгнө үү         

 -Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2013 оны 5 дугаар сарын 17-ныг дуусталх хугацаанд нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Бүрдүүлэх баримт бичигт намын төлөөллийн төв байгууллага, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэлээс гадна нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн өр төлбөргүй болох тухай мэдүүлэг, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, нэр дэвшигчийн ялгүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт; нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт, нэр дэвшигчийн намтар, намын дүрэм болон нэр дэвшүүлэх асуудлаар хуульд нийцүүлэн гаргасан дотоод журам  багтана.

            Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ эдгээр баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад тэдгээрийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу 2013 оны тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. 

- Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульд хэрхэн тусгасан байгаа вэ?

 Хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй бол бүртгэхгүй. Мөн дээр дурдсанаар, өр төлбөргүй, ялгүй байх ёстой. Хуулийн 24.5-д заасныг зөрчиж өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн зэргээр нэр дэвшүүлэх ажиллагаа  зөрчиж явагдсан бол бүртгэхгүй байх үндэслэл болно.

Үүн дээр нэмж хэлэхэд, бүрдүүлэх ёстой баримт бичиг дутуу эсхүл хуурамч бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана.

 Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаж, үүнээс хойш ажлын гурван өдрийн дотор буюу 2013 оны 5 дугаар сарын 23-ны дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

эр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа хэдийд эхлэх вэ?

 -Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгохоор хуульд заасан байгаа. Энэ үйл ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороон дээр зохион байгуулагдана. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.