Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс байгуулагдав

Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулав.

Комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, дэд даргаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Ш.Солонго нарыг томиллоо. Комиссын нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал С.Сүхболд ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь ГХЯ, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оржээ.

Комисс нь сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авахын зэрэгцээ салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, гадаад улсад байгаа  иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлэх, Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих зэрэг эрх эдэлнэ.

Комисс нь гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 2013 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө байгуулах юм.

Мөн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдсан дахин санал хураалтындүнгийн тухай асуудлыгхэлэлцэв. Тус тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн  дахин санал хураалтад оролцсон сонгогчдын 53,3 хувийн санал авч сонгогдсон Долгорсүрэнгийн Сумьяабазарын нэрийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.