Техник, технологийн шинэчлэлээс бидэнд ухрах эрх байхгүй

УИХ-аас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 25 дугаар тогтоол гаргаж Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлаж 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт санал хураалтыг явуулахаар тогтсон билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар тодруулж асуув.

 -Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг хэдийд авах вэ?

 -Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоодог бөгөөд уг санал авах өдөр нь 3 хүртэл өдөр байж болно гэж хуульчлагдсан. УИХ-ын тогтоолд заасны дагуу 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд гадаад улсад байгаа иргэдийн саналыг авна.

 -Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаагаа хэдийнээс эхлэх вэ?

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж 10 хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан. Тэгэхлээр УИХ-д суудал бүхий нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаагаа 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 12-ны өдөр дуусгах ёстой.

 -Намууд  хэрхэн нэр дэвшүүлэх үү?

 -Намын их хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэнэ. Намын төлөөллийн төв байгууллага гэдгийг намын бага, бүгд хурал, үндэсний зөвлөлдөх хороо, тэдгээртэй адилтгах байгууллага гэж ойлгож болно.

 -Ямар шаардлага хангасан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ?

 -Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагын тухай Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тухайлбал, 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшиж сонгогдох эрхтэй. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өргүй, зээлгүй, ялгүй байх, төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол төрийн албанаас чөлөөлөгдсөн байх зэрэг нийтлэг шаардлагуудыг хуульчилсан байдаг.

 -Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг  хэрэгжүүлэх ажлын хуваарь хэзээ гарах вэ?

 -Сонгуулийн Ерөнхий Хороо саяхан хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг баталлаа. Энэ хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлсэн байгаа  Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудаст цаг хугацааны хуваарийг байршуулсан тул түүнтэй хэн боловч үзэж танилцах боломжтой. 

 -Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг яаж зохион байгуулах вэ?

-Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг Гадаад харилцааны яамтай хамтарч байгуулсан Комисс зохион байгуулж явуулна. Хамтарсан Комиссыг энэ 4 дүгээр сардаа багтаан байгуулах бөгөөд Комисс нь гадаад улс оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газрынхаа дэргэд салбар комиссоо 5 дугаар сарын 05-наас өмнө байгуулна. 

 -Сонгууль зохион байгуулдаг хороодоо хэзээ байгуулах вэ?

 -Хуульд заасан 3 түвшний хороог зохион байгуулна. Нэгдүгээрт, аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулна. Хоёрдугаарт, сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулна. Гуравдугаарт, хэсгийн хороог санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулахаар хуульчлагдсан. Ер нь 5 дугаар сарын дундуур гэхэд бүх сонгуулийн хороод байгуулагдсан байх ёстой.

 -Нэр дэвшигчид хэдийд сурталчилгаагаа эхэлж болох вэ?

 -Нэр дэвшигч нь үнэмлэх авсан өдрөөс эхлэн сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно. Энэ нь 5 дугаар сарын 22-ны өдөр байх болов уу.

 -Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд автомат машин хэрэглэх үү?

 -Хэрэглэнэ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг 2011 онд Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Мөн УИХ-аас 2012 оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд автомат техник хэрэгсэл хэрэглэх тухай 69 дүгээр тогтоол батлан гаргасан. Иймд Сонгуулийн Ерөнхий Хороо нь УИХ-аас баталсан хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллана.

 -Автомат машины талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гарч байна?

 -Сонгуульд шинэ техник технологийг нэвтрүүлэх явцад зарим нэг сөрөг сурталчилгаа, нэг талыг баримталсан өрөөсгөл шүүмжлэл гарсан. Гэхдээ манай сонгогчид, дийлэнх нам, улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  дэмжиж, олны дунд итгэл үнэмшил бий болгосноор өмнөх сонгуулиуд элдэв будлиан, үймээн самуунгүй явагдаж ирсэн гэж бид ойлгож байгаа. Хурууны хээгээр сонгогчоо таньж бүртгээд автомат машинаар саналыг нь авч дүнг нь Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверт дамжуулдаг автомат системийг нэвтрүүлж чадсан нь манай улсын сонгуулийн 20 жилийн түүхэнд том дэвшил, шинэчлэл болсон гэж үзэж байна. Одоо энэ техник технологийн шинэчлэл, дэвшлээс бидэнд ухрах эрх  байхгүй. Харин энэхүү сонгуулийн шинэчлэл, автоматжуулалтыг улам боловсронгуй болгох талаар бид ярьж сурталчилбал улс эх орны хөгжилд тус нэмэр болно.

 -Автомат машины талаарх хардалт сэрдэлтийг арилгах талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос юу хийхээр төлөвлөж байна вэ?

 -Хуульд энэ талаар тодорхой заалт бий. Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийлгүүлнэ.

 -Бүх сум, дүүрэгт хяналтын тооллого хийх юм уу? Дүн гарахад удах юм биш үү?

 -Бүх сум, дүүрэгт хяналтын тооллого хийнэ. УИХ-ын сонгуулиар зөвхөн тойргийн хэмжээнд хийж байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 330 сум, 9 дүүрэгт нийтдээ 348 хэсэгт хяналтын тооллого хийнэ гэсэн үг. Хяналтын тооллогыг гараар тоолж хийх тул хугацааны хувьд удах байх,

Өмнөх сонгуулиудаар хяналтын тооллогыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарыг байлцуулан ил тод хийж байсан, ямар нэгэн гомдол гарч байгаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн нам, нэр дэвшигчдийн ажиглагч нарыг байлцуулан хяналтын тооллого хийнэ.

 -Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв хэлэлцэж байхад зардлын дийлэнх хувь нь урамшуулал байна, хасах хэрэгтэй гэж зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан.

 -Ер нь зардлыг хэмнэх, багасгах хэрэгтэй гэдэгтэй бид санал нийлж байгаа. Тийм ч учраас Сонгуулийн Ерөнхий Хороо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг батлагдсан төсвөөс /17.2 тэрбум/ нь 1.4 тэрбум төгрөгөөр бууруулж 15.8 тэрбум төгрөгөөр тогтоох саналаа УИХ-д оруулсан. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хорооны гишүүний тус хороонд ажилласан хугацааны хөлсийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож олгоно гэсэн заалт байсан. Үүнийг саяхан хүртэл мөрдөж, ажилласан. Хугацааны мөнгөн урамшуулал нь олгогдоод ирсэн юм билээ. Одоогийн 2012 оны хуульд,  ажилласан хугацааны мөнгөн урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн заалт бий. Үүний дагуу л Сонгуулийн Ерөнхий Хороо саналаа оруулсан юм.

 - Хурц шүүмжлэл дагуулсан энэ зардлаа орон нутагт яаж хуваарилах вэ?

 -Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон хэсгийн хороодод төсөв хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, тайлан гаргах тухай журмыг боловсруулж батлаад байна. Энэ журамд зааснаар УИХ-аар батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хуваарилна, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооддоо хуваарилна, сум, дүүргийн сонгуулийн хороо нь хэсгийн хорооддоо хуваарилна.

 - Үүнд хэн хяналт тавих вэ?

 - Төсвийг хууль  журамд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахгүй байх, зардлыг эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэхгүй байх, хэмнэлт гаргаж ажиллах, зардлын үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх тухай заалтууд орсон. Зардлын зарцуулалтад хяналт тавьж хариуцлага тооцох эрх нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод байгаа.