УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт явагдах дахин санал хураалтын зардлыг баталлаа


Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардлын талаарх саналаа энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 10. 2 дахь хэсэгт заасны дагуу дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөг байхаар санал хүргүүлсэн юм. Уг зардлын саналыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүүжүүлэхийг Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн байна. Ингээд "Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд Улсын Их Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу ирэх ням гаригт явуулах дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөгөөр баталсан байна.