СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЖЭЭ
Сөүл дэх Австрали Улсын Элчин сайдын яам Монгол Улсыг хамаардаг бөгөөд Эдийн засгийн зөвлөх Пол Гиббонс энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахаар Сонгуулийн Ерөнхий хороонд зочиллоо.
Монголын сонгуулийн төв байгууллагын тэргүүн саяхан Австрали Улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Сенатын гишүүн Дарил Мелхам, Австрали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн ахлагч хатагтай Кристен Ливермор, Австралийн Сонгуулийн хорооны гишүүн Эд Келлистон нартай ажил хэргийн уулзалт хийсэн тухайгаа ярив. Тэдгээр уулзалтын үеэр Монгол Улсын сонгуулийн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, эрх зүйн орчин, сонгуулийн онцлогийн талаар танилцуулахын зэрэгцээ хоёр орны сонгуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Австралийн Сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулж ирсэн арга туршлага, сонгуулийг боловсронгуй болгоход чиглэсэн зарим хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилттэй танилцсан талаар уулзалтын үеэр мэдээллээ.
Австрали Улсын сонгуулийн байгууллага 120 гаруй жилийн баялаг туршлагатай билээ. Тиймээс бидэнд суралцах, арга туршлагаас нь судлах зүйл их байна. Ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид Австрали Улсын Сонгуулийн Хороотой Ойлголцлын санамж бичиг байгуулах талаар тодорхой тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ хүрээнд сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тухайгаа тэрээр танилцуулав.
Ноён Пол Гиббонс хариу хэлсэн үгэндээ, юуны өмнө Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо манай сонгуулийн Хороотой харилцаа холбоо тогтоосон явдалд сэтгэл ханамжтай байна. Австрали Улс сонгуулийн өөр тогтолцоотой хэдий ч Монгол Улсын сонгуулийн явц, сонгууль зохион байгуулж буй туршлага ялангуяа сонгуульдаа орчин үеийн техник, технологийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлж байгаа явдал бидний сонирхолыг зүй ёсоор татаж байна гэдгээ илэрхийллээ.
Тэрээр цааш нь сүүлийн үед болсон Монгол Улсын удаа дараагийн сонгуулийн явцыг ажиглаж байсан тухайгаа дурдаад удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог, түүний бэлтгэл ажлын талаар сонирхов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлууд ялангуяа сонгуулийн эрх зүйн орчны шинэчлэл, сонгогчийн бүртгэлийг боловсронгуй болгох, гадаадад байгаа иргэдийн саналыг авах, сонгуулийн хариуцлагыг дээшлүүлэх, сонгуулийн техник, технологийг хэрхэн сонгож, ашиглаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.