Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа тавьж, хуулийн төслийн зорилт, үзэл баримтлал, зарчмын өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүдэд танилцуулав.
Хуулийн төсөл нь 13 бүлэг, 69 зүйлтэй бөгөөд Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаар буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлаж, санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг долоо, аль нэг ажлын өдөр байх ба уг өдөр бүх нийтээр амрахаар хуулийн төсөлд тусгасан тухай УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа.
Мөн тэрээр, сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлаж байх,түүнчлэн сонгогч сонгууль товлон зарласнаас хойш, санал хураалт дуустал нэг засаг захиргааны нэгжээс нөгөө засаг захиргааны нэгжид шилжих хөдөлгөөнийг түр хязгаарлах зохицуулалт хийсэн тухай ярив.
Хуулийн төсөлд нэр дэвшүүлэх нийтлэг журам, нам дангаар болон хамтран нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчид туслах, нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа зэрэг асуудлыг найрийвчлан тусгасан байна.Нөхөн нэр дэвшүүлэх нь зөвхөн нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд байхаар хуулийн төсөлд тусгагджээ. Мөн нам, хамтарсан намуудын сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийнхээ сонгуулийн үйл ажиллагаанд туслах зорилгоор улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, нийслэлийн хэмжээнд 50 хүртэл, сум, дүүргийн хэмжээнд 20 ажилтны бүрэлдэхүүнтэй байх ба нэр дэвшигч нэг шадар туслагч, ухуулагчтай байхаар хуулийн төсөлд тусгасан тухай тэрээр танилцууллаа.
Төсөлд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлага, сонгуулийн сурталчилгааг нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал, сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах, сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах, сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах зэргийг сонгуулийн сурталчилгаанд хориглохоор хуулийн төсөлд тусгасан тухай УИХ-ын гишүүн Р. Бурмаа танилцуулав.
Хуулийн төсөлд сонгуулийн зардал, хандив, сонгуулийн тайлан гаргах, санал авах, анхан шатны сонгуулийн дүнг гаргахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн байна. Мөн түүнчлэн сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл байхаар, сонгогч нэр дэвшигчдийн нэрийг өөр хооронд нь андуурах зэрэг асуудлыг нэгмөр болгох үүднээс саналын хуудас нь нэр дэвшигчийн фото зургийг агуулахаар төсөлд тусгагдсан байна.
Энэ төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санал өгөх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлснээс гадна сонгууль ажиглах, санал хураалтыг хүчингүй болгох, дахин санал хураах, гадаад улсад байгаа монгол иргэдээс саналыг нь авах, сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэхтэй холбогдсон харилцааг тус тус зохицуулсан тухай тэрээр илтгэлээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уншиж танилцуулав.
Тэрээр илтгэлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журам, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахтай холбогдсон харилцааг тодорхой болгон тусгах, Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулиас эхлэн гадаад улсад ажиллаж, амьдарч,сурч байгаа иргэдийн саналыг авах эрх зүйн үндсийг бий болгох, сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаар бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон, аудитаар хянагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх асуудлыг тодорхой тусгах, сонгуулийн дүн гаргах цаг хугацааг хэмнэж сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэх зэргийг хуулийн төслийн үзэл баримтлал болгосон байна гэж гишүүд үзсэн тухай тэмдэглэв.
Илтгэгч цааш нь, Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ хуулийн төслийн талаар парламентад суудалтай намуудын саналыг авч байр сууриа нэгтгэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө болсон бусад сонгуулиас дүгнэлт хийж, сонгуулийн нэг хэсэгт харьяалагдах сонгогчийн тоог аль болохоор өөрчлөхгүй байх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө нийслэлийн дүүргүүдийн сонгогчдын бүртгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллуулах, УИХ-ын гишүүн М.Батчимэг манай орноос гадаад улсад байгаа энхийг сахиулагчдын саналыг авах эрх зүйн зохицуулалтыг тусгах, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг сонгогчдын улс төрийн идэвхийг дэмжих, хариуцлагыг улам дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг бодлоготойгоор зохион байгуулах гэсэн саналыг хэлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр эдгээр саналыг авч үзэх боломжтой гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийллээ.
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.