СЕХ-ны дарга сонгуулийн шинэтгэлийн талаар илтгэв


Сонгуулийн менежментэд хараат бус байдлыг бий болгоход гол анхаарах асуудал бол сонгуулийн менежментийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах явдал юм .

Энэ тухай Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Чойнзонгийн Содномцэрэн Улаанбаатар хотноо ажлаа эхэлсэн “Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд: Ази, Арабын орнуудын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын семинарт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ  онцоллоо.

Тэрээр цааш нь Сонгуулийн Ерөнхий Хорооны хараат бус, бие даасан байдлын эрх зүйн баталгааг хэрхэн хуульчилсан талаар яриад сонгуулийн менежментийн хараат бус байдлын гол илэрхийлэл нь сонгууль ил тод, хуулийн дагуу явагдсан байх явдал юм. Энэ шаардлагыг хангахын тулд эрх зүй, зохион байгуулалт, техник технологийн болон ёс зүй, улс төрийн таатай орчинг бүрдүүлэх нь чухал  гэдэгт семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.

 СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн сонгуулийн шинэтгэлийн талаар мэдээлэхдээ, иргэний бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлын хүрээнд сонгогчдын бүртгэлийг шинэ шатанд гаргах, сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлэх зарчмыг тусгах, сонгуулийн хороодыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдын саналыг худалдаж авах, сонгогчид нөлөөлөх нөлөөллөөс сэргийлж, хариуцлагыг чангатгах, сонгуулийн дүн гаргахад хүний субьектив оролцоог багасгах, сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах, сонгуульд оролцох иргэний эрх, эрх чөлөөний баталгаа  зэрэг  асуудлыг хамарсан эрх зүйн орчинг бий болгох үндсэн чиглэлд  шинэтгэлийг хэрэгжүүлэхийг зорилго болгосон талаар ярив.

Энэ бүхний үр дүнд сонгуулийн үйл ажиллагаанд мониторинг хийж ажилласан иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд, олон нийтийн зүгээс, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу зохион байгуулагдсан, сонгуулийн дүн шударга болсон гэдэг үнэлэлт, дүгнэлт өгснийг тэрээр илтгэлдээ дурьдлаа.

Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, хараат бус байдлыг буй болгох хамгийн чухал арга бол ил тод байдлыг хангах явдал гэдгийг тэмдэглээд тухайлбал, УИХ-ын болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийн бүх санал авах байрыг камержуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг дуустал иргэд, олон нийтэд ил тод, нээлттэйгээр дэлхийн аль ч өнцгөөс интернэтэд холбогдон сонгууль өгч байгаа процессыг харуулах ажлыг зохион байгуулан сонгуулийн үйл явцыг чөлөөтэй ажиглах бололцоог олгосноор энэ удаагийн сонгууль өмнөхөөс ил тод, хараат бус байх ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдгийг тэрээр цохон хэллээ.

 Сонгуулийн шинэтгэлийг хийхэд парламентын зүгээс улс төрийн шийдвэр гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, дэмжлэг үзүүлсэн нь энэхүү шинэтгэлийг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэснийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч. Содномцэрэн илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Энд дарж илтгэлтэй танилцана уу.