Тангараг өргөв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Даваадоржийн Дэлгэрцогт өнөөдөр Төрийн ордонд гишүүний тангаргаа өргөлөө. Тэрээр Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангарагаа өргөсний дараа УИХ-ын дарга З.Энхболд СЕХ-ны шинэ удирдлага, гишүүдэд хандаж товч үг хэллээ.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, СЕХ түүний гишүүд нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулдаг гэдгийг дурьдаад та бүхэн үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахиж, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэж байх, сонгуулийн үйл ажиллагаа ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллах ёстойг онцлон тэмдэглэв. Одоо Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулахад онцгой анхааран ажиллах шаардлагатай байна. Цаашид “Ард нийтийн санал асуулгын тухай” хууль болон сонгуультай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон шинэлэг ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байгааг УИХ-ын дарга З.Энхболд цохон хэллээ.
Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал нарт ажлын үнэмлэх, Д.Дэлгэрцогтод СЕХ-ны гишүүний үнэмлэхийг нь тус тус гардууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.