Зөвлөмж хүргүүлэв
Монгол Улсын Их Хурлаас Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг батлаж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр санал хураалт явуулахаар болсонтой холбогдуулан сонгуулийн хэсэг байгуулах болон хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ойрын үед зохион байгуулах ажлын талаар тус Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүллээ.
1. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хэсгийг байгуулахдаа УИХ-ын сонгуулиар байгуулагдсан хэсгийн зохион байгуулалтыг аль болох өөрчлөхгүй байх чиглэлийг баримтлах нь зүйтэй бөгөөд хуулийн 12.3-т “Баг, хороог бусад баг, хороотой нийлүүлж хэсэг байгуулахыг хориглоно” гэж заасныг мөрдөх.
2. Хэсгийг байгуулахдаа УБЕГ-аас хүргүүлсэн сонгуулийн насны хүн амын тооны мэдээллийг үндэслэх бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “...засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа...” гэсэн шаардлагыг хангаагүй сонгогч /хугацаат цэргийн албан хаагч, оюутан/ болон энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.7-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтаас түр хасагдах сонгогчдын тоог хассаны үндсэн дээр хэсгийн зохион байгуулалтыг шийдвэрлэж, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тооны хязгаарыг харгалзан үзэх. Чингэхдээ хязгаарыг олон тоогоор хэтрүүлэхгүй байх, хэт цөөн хүнтэй хэсэг байгуулахаас зайлсхийх.
3. Хэсгийн байршлыг тогтоохдоо цахилгаан эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбооны зохих нөхцөлийг хангасан, сонгогч хүрэлцэн ирж саналаа өгөх боломжтой газрыг сонгоход анхаарах.
4. Өвлийн цагт сонгууль болох тул хэсгийг дулаан байраар хангахад анхаарах.
5. Автоматжуулалтын шаардлагаас үүдэн нэгэнт байгуулагдсанаас хойш хэсгийг дахин өөрчлөх боломжгүй гэдгийг анхаарах.
6. Хэсэг байгуулах талаархи энэхүү зөвлөмжийг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдэд яаралтай хувилан хүргэж, хэсэг байгуулсан тухай шийдвэрийг шуурхай гаргах, гарсан шийдвэрийг УБЕГ-т нэн даруй нэгтгэн хүргүүлэх арга хэмжээ авах.
7. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.7 дахь хэсэгт заасны дагуу аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь байгуулах арга хэмжээг авах.