Орон нутгийн Хурлын сонгууль 2012.11.21-нд товлогдов

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэж батлаад байна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг сонгуулийн холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонхи (мажоритор) хэлбэрээр зохион байгуулж явуулах бөгөөд сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг томилон ажиллуулна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гариг буюу 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар хуульчлагджээ.

Энэ өдөр нийтээр амрах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүнчлэн гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсооно.

Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг анх удаа сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулж явуулна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  хуульд заасны дагуу аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор заасан байна. Тухайлбал, сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:

 

Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15

Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21

Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27

Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх,

 

Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:

 

Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17

Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25

Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35

Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тус тус тогтоожээ.

 

Харин сонгуулийн нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байхаар заасан байна.

Мөн энэ хуульд Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрийг дуустал 60 хоногийн хугацаанд буюу 2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-нийг дуустал хугацаанд улсын хэмжээнд түр зогсоохоор заажээ. Түүнчлэн Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа хаярьяа хэсэгт санал өгөх бөгөөд түүнийг сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлэхийг хориглосон байна.