УИХ-ын анхдугаар чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны даргын хэлсэн үг
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛИЙН
НЭГДСЭН ДҮН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИНЭЭР СОНГОГДСОН
ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Илтгэгч: Сонгуулийн ерөнхий хорооны дарга
Н.ЛУВСАНЖАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд ээ!
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо!
Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль болон Нийслэлийн ИТХ-ын сонгууль 6 дугаар сарын 28-ны өдрийн Пүрэв гаригт улс орон даяар явагдаж өнгөрлөө. Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага - Улсын Их Хурлаа зургаа дахь удаагаа сонголоо.
Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хороодын шийдвэрийг үндэслэн УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүн, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлсэн билээ.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нэгдсэн дүнг үндэслэн УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын анхдугаар чуулганд оруулж байна.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгууллаа. Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж сонгуулийг зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж явууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн ажлыг зөв, шуурхай зохион байгуулах зэрэг асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцэн, сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх заавар, журам, загвар маягтуудыг шинээр боловсруулан баталж хүргүүлэв.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1.836.548 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд анх удаа Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /УБЕГ/ бие даан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажилласан.
Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авлаа. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулсан бөгөөд гадаад оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн 39 салбар комисст 188 хүн ажиллаж, гадаад улсад амьдарч буй саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4276 иргэнээс 2779 иргэн сонгуульд оролцож саналаа өглөө.
Энэ сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67.28 хувь нь оролцож саналаа өглөө.
Монгол Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан болно.
Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлсэн бөгөөд үүнээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлснээс бие даан нэр дэвшигч 26, эмэгтэй нэр дэвшигч 174 байлаа.
Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт нийт 130 хүний бүрэлдэхүүнтэй Мэдээллийн технологийн 26 баг, 1905 хэсгийн хороонд нийт 2625 Мэдээллийн технологийн даамлууд сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллалаа.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргийн 1905 хэсэгт ашиглагдах 2446 ширхэг санал тоолох төхөөрөмж, 2412 ширхэг сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж гэрчилгээжүүлсний үндсэн дээр сонгуульд ашиглалаа. Түүнчлэн 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд 1905 хэсэгт санал тоолох төхөөрөмжөөр туршилтын саналын хуудас уншуулж мэдээллийг дамжуулах ажлыг зохион байгуулан явуулсан нь санал авах өдөр техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой туршилт боллоо. Сонгуулийн хууль тогтоомж болон сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаарх журмыг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж ажиллалаа. Нийслэлийн дүүргүүдэд санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан.
Энэ удаагийн сонгуульд автоматжуулалтыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Автоматжуулах техник хэрэгсэл, программ хангамжийг нийлүүлж хамтран ажилласан гадаад, дотоодын компаниудад талархлаа илэрхийлж байна.
УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж явуулахад анхаарч идэвхтэй хамтран ажилласан төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яам, гадаад оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний радио, телевиз болон хэвлэл мэдээллийн болон харилцаа холбоо, тээвэр, эрчим хүч, үйлдвэрлэл үйлчилгээний бусад байгууллагуудад талархал илэрхийлж байна.
УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж явуулах сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодод ажилласан төрийн албан хаагчиддаа Сонгуулийн ерөнхий хорооны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжийг сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллагууд хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ хийхээр Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авсан 8 төрийн бус байгууллага ажиллаж, 11 төрийн бус байгууллагын 350 гаруй ажиглагчид сонгуулийг ажигласан нь сонгуулийн үйл явцад хуулийн шаардлагыг хангуулахад чухал ач холбогдолтой боллоо.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг АНУ, Англи, Канад, ОХУ, Япон, БНСУ, Киргиз, Тайвань зэрэг улс орны болон Олон улсын байгууллагаас 50 гаруй ажиглагч ажиглах хүсэлтээ гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн сонгуулийг ажиглалаа. Мөн гадаадын 15 улсын 25 хэвлэл мэдээллийн байгууллагын 42 сурвалжлагч сонгуулийг сурвалжиллаа.
УИХ-ын гишүүнээр МАН-аас 25, АН-аас 31, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдсоныг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлсэн болно. УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын 9 нь буюу 11.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх сонгуулиас ихээхэн ахисан дүнтэй байна. УИХ-ын гишүүнээр 15 хуульч, 23 эдийн засагч, 16 инженер, 3 багш, 1 хүний их эмч, 14 бусад мэргэжлийн хүмүүс сонгогджээ.
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргоос УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан 2 нэр дэвшигчдийн талаар шүүхийн шийдвэр гарсан тул тойргийн хороо хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болсон, мөн УИХ-ын 22, 26 дугаар тойргийн тус бүр 1 мандатын төлөө дахин санал хураалт явуулахаар болж байна.
УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай явагдсан болохыг Сонгуулийн ерөнхий хороо тэмдэглэж байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр бүхий 72 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг УИХ-ын анхдугаар чуулганы тус хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хороо хүсч байна.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай!
Анхаарал тавьсанд баярлалаа.