Асар том алхам хийжээ

Танай оронд байх хугацаанд манай төлөөлөгчид сонгуулийн 10 хэсгийн байраар  орж үйл ажиллагаатай нь танилцаж улмаар сонгуулийг маш өндөр хэмжээнд сайтар зохион байгуулжээ гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ОХУ-ын төрийн жинхэнэ зөвлөх А.П. Торшин дүгнэв. Тэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг ахалж байна.

А.П.Торшин өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай  уулзах үеэр хэлсэн үгэндээ, бидний очсон хэсгүүдэд санал хураалт ямарч  зөрчилгүй болсонд  бид  сэтгэл нэн ханамжтай байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улс сонгууль зохион байгуулах талаар их туршлага хуримтлуулж, энэ чиглэлээр асар том алхам хийжээ. Санал хураалтыг элдэв зөрчлөөс сэргийлэхэд бүхий л арга хэмжээ авсаныг тэмдэглэж хэлмээр байна. Бид ийм дүгнэлт хийж байгаа бөгөөд түүнийгээ улс төрийн удирдлагадаа танилцуулах болно гэдгээ тэрээр илэрхийллээ.

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийг АНУ, Англи, Канад, Япон,ОХУ, БНСУ зэрэг орны 60 орчим ажиглагчид ажиглав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.