Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдав
Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр саналын хуудастай холбогдсон асуудлаар хуралдаж 127 дугаар тогтоол баталлаа. Уг тогтоолоор санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцохоор шийдвэрлэв. Түүнчлэн саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт тэмдэглэсэн аливаа тэмдэг, тэмдэглэгээг санал тэмдэглэсэн тэмдэглэл гэж тооцохгүй байхаар тогтов. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Сонгогчдын санал авах, санал тоолох, санал хураалтын дүн гаргах ажлыг сонгуулийн хороодод зохион байгуулах заавар”-ын холбогдох зүйл, заалтыг хүчингүйд тооцов. Энд дарж үзнэ үү.
Түүнчлэн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5 дахь заалтад заасныг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийн тойрог тус бүрт 2 хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороодын тогтоол гарсны дараа гараар тоолж хяналтын тооллого хийхээр шийдвэрлэв. Хяналтын тооллогыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан Хяналтын хэсэг ажиглагчдын хяналтын дор ил тод хийж, дүнг хэсгийн хороонд танилцуулахыг даалгав. Энд дарж үзнэ үү.