Бэлтгэлийг хангах зохион байгуулалтын бүхий л арга хэмжээ авав гэв

Өнөөдрийн байдлаар УИХ-ын 2012 оны сонгуулийг ажиглахаар гадаадын 9 байгууллагын 30 орчим ажиглагч, сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын 37 сурвалжлагч албан ёсоор бүртгүүлж үнэмлэх аваад байна. Энэ тухай Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид болон гадаадын ажиглагч, сурвалжлагч нарт зориулж өнөөдөр хийсэн уулзалтын үеэр мэдээллээ.

Тэрээр УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлог, сонгуулийн хуулийн хэрэгжүүлэх хүрээнд хийсэн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулав.

УИХ-ын  сонгуулийн  1905 хэсэгт нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгааг тэрээр дурьдаад 26 тойргийн хороонд 278, 333 салбар хороонд 2149, 1905 хэсгийн хороонд 13122, нийт 15549 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн мэдээллийн технологийн 26 багт 130 хүн, хэсгийн хорооны даамлаар 2625 хүн  ажиллаж байна. Нийт хэсгүүдэд сонгогчийн бүртгэлийн хяналтын 3 мянга шахам иж бүрдэл, 2446 санал тоолох төхөөрөмж  болон саналын хуудсууд хүргэгдээд байна гэлээ.

Уулзалтад оролцогсод сонгуулийн тогтолцоо, автомат техникээр санал тоолох шийдвэр гаргах болсон шалтгаан, ач холбогдол, санал  тоолох техниктэй холбоотой маргаан гарвал асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сонгуулийн дүнг албан ёсоор хэдийд гаргаж олон нийтэд мэдээлэх, ямар тохиолдолд саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах, түүнийг хэрхэн тоолох, сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг хэрхэн барагдуулж байгаа зэрэг асуултыг СЕХ-ны удирдлагад тавьж хариулт авав.

  Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зарим тохиолдолд хуулийн дагуу явагдсан эсэх, хууль зөрчиж сурталчилгаа хийсэн, сонгогчдын нэрийн жагсаалт, мөн сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, хүсэлт зонхилж байгааг   СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санал тоолох автомат системийн талаар сөрөг, буруу ташаа сурталчилгаа хийгдэж байгааг шүүмжиллээ.

Мөн  санал тоолох техник хэрэгслийг тодорхой журмын дагуу  хүлээн авахаас аваад баталгаажуулж, гэрчилгээжүүлэх, туршиж ажиллагааг нь хянан шалгах, туршилтын  санал хураалт явуулах зэргээр тэдгээрийг найдвартай, баталгаатай эсэхийг  хянан шалгасан төдийгүй суурин телефон холбоогүй сонгуулийн хэсгийн хороодын  мэдээллийг цаг алдалгүй, шуурхай авах боломжтой хувилбарыг давхар тооцож үзсэн тухай  тэрээр танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав хэлсэн үгэндээ,   сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлах өргөн боломжийг зохих журмын дагуу олгож байгааг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэлийг хангах зохион байгуулалтын бүхий л  арга хэмжээ аваад байна гэдгээ  цохон хэлэв.

Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  өөрийн байрандаа санал тоолох техникийг ажиллуулж улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа.    Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бүх тойргийн хороодын удирдлагатай радиохурал хийнэ. Энэ үеэр сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон  үлдэж байгаа хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан  ямар асуудал байгаа талаар ярилцаж,  сонгуулийн бэлэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгнө  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.