Баримтаар нотлогдоогүй гэв
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хийсэн ажлаа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдэдөнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдааны үеэр тэрээр хаягийн сан үүсгэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, сум, хорооны түвшинд тулган нягтлах, нэгтгэх, давхардлыг арилгах талаар хийсэн ажлаа танилцууллаа.
Мөн УИХ-ын дэд хороо, УИХ-ын нэр бүхий гишүүд болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн насны иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хассан буюу нэмсэн, нэг хаяг дор олон хүн бүртгэсэн, тухайн хаягт оршин суудаггүй иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан, шинэ хаяг үүсгэж сонгогч нэмж бүртгэсэн гэх шүүмжлэлийн дагуу асуудлыг нягтлан шалгасан тухайгаа мэдээлэв. Түүний хэлсэнчлэн, одоогийн байдлаар бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн сонгох эрх зөрчигдсөн, хууль тогтоомж зөрчсөн асуудал баримтаар нотлогдоогүй байгаа ажээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.