Сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байна

Сонгуулийн автоматжуулалтын бэлтгэл хангах ажил төлөвлөгөөний  дагуу хэвийн явагдаж байна.  Санал тооллох машины программчлах, гэрчилгээжүүлэх ажил  дуусч улмаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн 26 тойргийн хороодод албан ёсоор хүлээлгэн өгөөд байна.

 Сонгогчийг бүртгэх, санал тооллох техник, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгуулийн 1908 хэсгийн хороодод хүлээлгэн өгөх ажил хуваарийн дагуу эхэллээ. Үүний хамт сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод ажиллах мэдээллийн технологийн баг, даамлуудыг сургаж тэдэнд гэрчилгээ олгох ажил хийгдэж байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг хэвлэж дуусгаад сонгуулийн тойргийн хороодод мөн хүлээлгэн өгч дууслаа. Ийнхүү тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудасны тоог нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн 5 хүртэл хувийн нөөцтэй байхаар тооцож  хэвлэн гаргав. Тойргийн хороод эдгээр саналын хуудсыг санал авах өдрөөс 5 хоногийн өмнө хэсгийн хороодод хүлээлгэн өгч дуусна.

Ирэх даваа гарагт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлын явц, байдлын талаар сонгуулийн бүх тойргийн хороодын удирдлагатай шууд радиохурал хийхээр төлөвлөөд байна. Мөн Улаанбаатарт байгаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт  түүнчлэн сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирээд байгаа гадаадын ажиглагч,  гадаадын сурвалжлагч нарт зориулж мэдээлэл хийнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.