Хэвлэл, мэдээллийн Зөвлөл байгуулав
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баасан гарагт хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлгийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу төлбөргүй нэвтрүүлнэ гэсэн хуулийн заалттай билээ. Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаанаараа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид тэнцүү хугацаа ногдохоор тооцож ийнхүү нарийвчилсэн хуваарь, цагийг эцэслэн тогтоож өглөө.
Мөн хуралдаанаар Хороо дэргэдээ Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөл байгуулав. Түүнийг хэвлэл, мэдээллийн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага болон сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдүүллээ. Зөвлөл нь нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих бөгөөд энэ асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлтээ Хороонд танилцуулах үүрэгтэй юм.
Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан систем, түүний иж бүрдлийг ашиглах явцад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавих Хяналтын хэсэг, Иргэний бүртгэлийн лавлагаа гаргасан байдалд хяналт тавих Ажлын хэсгийг тус тус байгуулав.
Хуралдаанаар санал тоолох төхөөрөмжийг хүргэх хуваарийг баталлаа гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.