4 хүртэл ажиглагч томилох эрхтэй болов
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Тухайлбал, сонгуулийн үеэр хэрэглэгдэх саналын хуудасны индекс, дугаар тогтоосон бөгөөд сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журамд зарим өөрчлөлт орууллаа.Энэ өөрчлөлтөөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн нэг хэсэгт 4 хүртэл ажиглагч томилох эрхтэй болов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын талаар ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас холбогдох лавлагаа авсны дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.10, 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ны гишүүд олонхийн саналаар гаргалаа.
Мөн хуралдаанаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Э.Батшугар нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нэр дэвшигчийн жагсаалтаас хассах шийдвэрийг гаргав.
Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг үндэслэн З.Ойдовыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тус тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг тойргийн хороонд даалгав гэж СЕХ-ын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.