Саналын хуудсыг хэвлүүлж албан ёсоор хүлээлгэн өгөв
Сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг бол саналын хуудас юм. Саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан билээ.
Үүний дагуу Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдээс авах саналын хуудсыг хэвлүүлж дуусгасан бөгөөд Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах хамтарсан комисст өчигдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Одоо тэдгээрийг гадаад улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудад шуурхай хүргэх ажлыг хамтарсан комисс зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа 4300 гаруй монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.