Улсын Их Хурлын сонгуульдоролцохоор бүртгүүлсэн нам эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийг бүртгэлээ
УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн 11 нам, 2 эвсэл хуульд заасан хугацаанд нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэв.
Нам, эвслээс ирүүлсэн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад 6 нам, 2 эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийг бүртгэн үнэмлэх олголоо. 5 намаас ирүүлсэн баримт бичиг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн ирүүлээгүйгээс эдгээр намуудыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Бүртгэхээс татгалзсан намууд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.16-д заасны дагуу нэр дэвшигчдээ бүртгүүлэх хүсэлтээ дахин уламжлах юм.