Гадаадад байгаа монгол иргэд cаналаа өгөхөөр бүртгүүлж байна.
Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг УИХ-ын сонгуульд оролцуулах, тэдгээрийн саналыг авах ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хороо, Гадаа харилцааны яамтай хамтран 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт өөрийн биеэр очиж, УИХ-ын сонгуульд оролцож буй 11 нам, 2 эвслийн төлөө саналаа өгнө. Үүний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комиссууд сонгогчдын санал авах ажлын бэлтгэлийг ханган идэвхтэй ажиллаж байна.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газруудад 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 30-ныг дуустал орон нутгийн цагаар 09-18 цагийн хооронд сонгуульд санал өгөх иргэдийг бүртгэж байгаа бөгөөд 5 дугаар сарын 25-ны байдлаар нийтдээ 2005 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Гадаад дахь иргэдийн саналыг авахтай холбогдсон журамд өөрчлөлт оруулсны дагуу иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэхээс гадна иргэний баримт бичгийн хуулбараа шуудан, цахим шуудан, факсаар илгээн сонгуульд саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх боломжтой болсон. Ингэснээр иргэдийн бүртгэл нэмэгдэх болов уу гэж найдаж байна.
Иргэд дээрх журмаар бүртгүүлснээр
тухайн Салбар комисст санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт гарах бөгөөд тэдгээр иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн
ерөнхий газарт хүргүүлэн иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй
тулгаж, нягтлан шалгана.
Хилийн чанад дахь Салбар комиссууд нь нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 5-аас
доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах
бололцоо олгох юм.
Түүнчлэн, гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг гардан зохион байгуулах Салбар комиссын гишүүдэд холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, бэлтгэл ажлыг хэрхэн хангах, санал авах ажиллагааг зохион байгуулах явцад анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор УИХ-ын Тамгын газар, ГХЯ болон УБЕГ-аас хамтран нийт 11 ДТГ /Бангкок, Вашингтон, Сан Франциско, Бээжин, Сөүл, Токио, Москва, Парис, Берлин, Кувейт, Астана/-т бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 39 ДТГ-уудын Салбар комиссын гишүүд хамрагдсан байна.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Салбар комиссын гишүүд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахдаа хуулийг нэг мөр ойлгож, чанд сахихыг зааварлаж, тулгарч буй асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэсэн.
Салбар комиссууд нь сонгогчдын бүртгэлийг зохион байгуулахаас гадна санал авах байр, саналын хайрцаг, бүхээгийг бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж, ажлын явцын талаар Комисст тогтмол мэдээлж байна.
Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-ууд нь гадаадад байгаа иргэдээс сонгуульд оролцохтой холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байгаа талаар мэдээллээ.