Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх төрийн бус байгууллагуудын танилцуулга
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг,зорилт бүхий төрийн бус байгууллага нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, түүнд эрхээ хэрэгжүүлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.” гэж заасны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам”-ыг баталсан.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үйл ажиллагаанд дээрх журмын дагуу хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэхээр 8 төрийн бус байгууллагаас Сонгуулийн ерөнхий хрроонд хүсэлтээ гаргажээ.
Хүсэлтээ гаргасан төрийн бус байгууллагуудын ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэж дор дурдсан төрийн бус байгууллагуудад сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх хүсэлтийг нь хүлээн авч, бүртгэн зөвшөөрөл олголоо.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх төрийн бус байгууллагуудтай, уг үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдан оролцохгүй, сонгогчдод сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж хүндэтгэлтэй хандах талаарх санамж бичигт гарын үсэг зурах юм. Мөн эдгээр байгууллагууд нь сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн ажлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулж, нийтэд мэдээлэх юм.
Хяналт шинжилгээ хийх зөвшөөрөл авсан төрийн бус байгууллагуудыг танилцуулбал:
1.Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ /Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, МИДАС ТББ, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ
2.“Иргэний эрхийн гүүр төв” ТББ
3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв
4.Нийгэм судалгааны Шинэ сэтгэлгээний төв ТББ
5.Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн
6.Инфратест сургалт, судалгааны төв
7.Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
8.Дорнод аймгийн “Дорнод нутгийн иргэдийн хөгжлийн төв”
1. Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнд нийт 7 төрийн бус байгууллага нэгдсэн. Энэ сүлжээ нь 2008 онд байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, төрийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн үүрэгтэй төрийн бус байгууллагууд нэгдсэн. УИХ-ын 2008 оны, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар мониторинг хийж байсан.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 2012 оны сонгуульд 5 чиглэлээр хяналт шинжилгээ хийнэ:
1/ саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх, архивлах үйл явц /Сонгогчдын боловсрол төв -9 хүн/
2/ сонгогчдын нэрийн жагсаалт /Филантропи ТББ-10 хүн/
3/ хэвлэл мэдээллийн мониторинг /Глоб интернэшнл ТББ-6 хүн/
4/ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг /МИДАС ТББ-14 хүн/
5/ санал авах өдрийн ажиглалт /Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ хариуцах бөгөөд ажиглагчдыг хариуцсан 15 хүн ажиллана. Хууль, улс төрийн чиглэлээр сурдаг 200 оюутнуудыг сургалтанд хамруулан, нийслэлийн 6 тойрогт 100 хэсгийн хороонд ажиллуулна./
2. “Иргэний эрхийн гүүр төв” ТББ нь 2011 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн, мэргэжлийн байгууллага, судлаачид, эрдэмтэдтэй хамтран сургалт, семинар зохион байгуулах, зөвлөмж, гарын авлага боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Энэ ТББ нь олон нийтийг хамарсан хүний эрх, эрх чөлөөг бодитой хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг ухуулан сурталчлах, аргачилсан туслалцаа үзүүлэх сургалт, хэлэлцүүлэг, семинар, мониторинг явуулж ирсэн.
“Иргэний эрхийн гүүр төв” ТББ нь Чингэлтэй дүүргийн 44 дүгээр хэсгийн хорог сонгон авч хэсгийн хорооны үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт, шинжилгээ хийж, сонгогчдод сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр ажиллах юм байна. Энэ үйл ажиллагаанд тус ТББ-аас 58 хүн ажиллана.
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, аж ахуйн нэгжийг бие даан хөгжих чадвартай болгох дүрмийн гол үүрэг зорилттой.
Энэ удаагийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний сонгох эрхийг хангах тал дээр хяналт шинжилгээ хийхээр Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Хэнтий, Өмнөговь, Баян-Өлгий аймагт 11 хүн томилон ажиллуулна. Эдгээр аймаг, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэн эсэх, санал тоолох төхөөрөмж, програм хангамжийг туршин шалгах ажиллагаа, санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаанд хяналт шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
4. Нийгэм судалгааны Шинэ сэтгэлгээний төв ТББ нь иргэдийн эрүүл мэнд, экологи, улс төрийн боловсролыг дээшлүүлэх, социологийн судалгаа хийх, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хяналт шинжилгээний ажилд 7 хүн ажиллах юм.
5. Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн нь нийгмийн бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаар судалгаа хийх, сургалт зохион байгуулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хяналт шинжилгээг 2012 оны 6 дугаар 20-28-ныг дуустал хугацаанд нийслэлийн 6 тойрог, Өмнөговь, Дорноговь, Орхон аймагт хийхээр төлөвлөж, энэ ажилд 11 хүн ажиллуулна.
6. Инфратест сургалт, судалгааны төв нь төрийн бодлогод нөлөөлөх, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын асуудлаар судалгаа шинжилгээ, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.
Хяналт шинжилгээний ажлыг 5 чиглэлээр 2012 оны 6 дугаар 20-28-ныг дуустал хугацаанд нийслэлийн 6 тойрог, Өмнөговь, Дорноговь, Орхон аймагт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд 5 хүн ажиллана.
7. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нь сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний сонгох эрхийг баталгаажуулах тал дээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана. Хяналт шинжилгээг нийслэлийн төвийн 6 дүүрэг, Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Дундговь, Увс, Өвөрхангай аймагт хийж, энэ ажилд 32 хүн томилон ажиллуулах юм.
8. Дорнод аймгийн “Дорнод нутгийн иргэдийн хөгжлийн төв” нь аймгийнхаа хэмжээнд орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Тус ТББ нь Дорнод аймагт иргэдийн сонгох эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туслах үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн. Хяналт шинжилгээний ажилд нийт 21 хүн ажиллах юм байна.