Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
Нийт 60 орчим дүрэм, журам, зааврыг батлаад байнаНам, эвсэл, бие даан нэр дэвшигч болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид санал тоолох машины программчлалын эх кодыг шалган нягтлах ажиллагааг хөндлөнгөөс ажиглахыг зөвшөөрч, санал тоолох машины санал тоолсон дүнгийн тайлангийн загварыг өнөөдөр болсон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар баталлаа.
Дүнгийн тайланд тухайн сонгуулийн тойрог, хэсгийн хороодын дугаар, саналын хуудасны индекс код болон нийт уншигдсан саналын хуудасны тоо, үүнээс огт тэмдэглэл хийгдээгүй саналын хуудасны тоо, нэр дэвшигч, нам, эвсэлд өгсөн саналын тоо зэрэг дүн үзүүлэлтүүд тусгагдсан байхаар болов.
Хуралдаанаар дээрх асуудлаас гадна сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журмын төслийг баталж, сонгогчдын санал авах, тоолох, санал хураалтын дүн гаргах ажлыг зохион байгуулах зааврын эцсийн найруулгыг сонсов. Мөн гадаадад байгаа монгол иргэдийн саналыг авах журамд нэмэлт оруулж, сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах асуудлыг журамлаж, сонгуулийн ажиглалт, мониторинг хийх хүсэлт тавьсан төрийн бус байгууллагуудын бүртгэлийн асуудлыг хэлэлцэв.
Ийнхүү Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо он гарсаар 23 удаа хуралдаж бүрэн эрхийнхээ хүрээнд нийт 60 орчим дүрэм, журам, заавар, маягтыг сонгуулийн хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж батлан гаргаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.