Тойргийн хороодын дарга нар сургалтанд хамрагдав
Төрийн хуулийг чанд сахиж ажиллахыг сануулав
Сонгуулийн тойргийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар номын дуу сонсохоор Улаанбаатарт цугларлаа. Тэд өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулсан сургалт-семинарт оролцож, Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулахад мөрдөж ажиллах хууль, журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонссоны зэрэгцээ тэдгээрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад юунд анхаарах талаар ажлын чиглэл авлаа.
Сургалт-семинарыг зохион байгуулагчдаас Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах, бүртгэхэд анхаарах зүйл, сонгогчдын нэрийн жагсаалт, шилжилт хөдөлгөөн, сонгогчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэрхэн журамлаж, эрх зүйн ямар зохицуулалт хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сонирхсон асуултад нь хариулав. Мөн санал авах ажиллагааг зохион байгуулах түүний дотор сонгогч саналаа өгөх, зөөврийн хайрцгаар санал авах, сонгуулийн үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуулийн үед гарсан маргааныг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэхэд тэдний анхаарлыг хандууллаа.
Өмнөх сонгуулиудын баримт бичгийн хөтлөлт, бүрдүүлэлт хангалтгүй байсныг дурьдаад энэ удаа сонгуулийн баримт бичгийг журмын дагуу цэгцтэй бүрэн бүртгэж хөтлөх, шилжүүлж хүлээлгэн өгөх, архивлах нь чухал байгааг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос тэмдэглэв.
Сонгуулийн хороод Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэлийг хангахдаа юуны өмнө төрийн хуулийг нэг мөр ойлгож, түүнийг чанд сахиж ажиллах нь чухал байгааг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос онцгой анхааруулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.