Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн ажлын зохион байгуулалт, санал хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. СЕХ-ны дарга Н.Лувсанжав энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар болон сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар товч мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгууль хосолсон тогтолцоогоор явагдана. Мөн анх удаа гадаад улсадамьдарч, ажиллаж байгаа иргэд сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслийн төлөө саналаа өгнө. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг Улсын Бүртгэлийн ерөнхий газар хариуцан үйлдэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд тулгуурласан. Үүнээс гадна Монгол Улсын түүхэнд анх удаа санал өгөх, саналын хуудас тоолох ажлыг автоматжуулсан, анх удаа Улсын Их Хурлын болон Нийслэлийн ИТХ-ын сонгууль нэг өдөр болж, нийслэлийн сонгогчид нэг саналын хуудсаар саналаа өгөх байгаа зэрэг олон онцлогтой тул хийж бэлтгэх ажил их байна хэмээн танилцууллаа.
Энэ удаагийн сонгуульд 26 тойргийн хороо, 334 салбар хороо, 1908 хэсгийн хороодод нийтдээ 18000 гаруй хүн ажиллана. Сонгуулийн ерөнхий хороо УБЕГ-аас гаргасан 1 839 984 сонгогчийн нэрсийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авсан.
Монгол Улсаас гадаад улсад ажиллаж буй 39 Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт Салбар комиссууд байгуулагдан ажилдаа орсон бөгөөд саналаа өгөх иргэдээ бүртгэж эхэлсэн.
Энэ жилийн сонгуульд хэрэглэгдэх, олны анхаарлыг ихээхэн татаж буй зүйл бол саналын хуудсыг тоолох, санал хураалтын үр дүнг газар дээр нь шууд гаргах ажлыг гүйцэтгэх АНУ-ын “Доминион Вотинг Системс” компанийн санал тоолох төхөөрөмж юм. Нийт 2500 автомат төхөөрөмж ирэх ёстойгоос 1200 гаруйг нь хүлээн авч, урьдчилсан шалгалт хийн бэлэн болголоо.
Сонгуулийн тухай хуулийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Саналын хуудсыг 6 дугаар сарын 6-наас эхлэн хэвлэхээр төлөвлөж байна гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонирхсон зарим асуултаа тавьж хариулт авлаа. Сонгогчийн хурууны хээ, иргэний үнэмлэхийн мэдээллээр сонгогчийг бүртгэх, санал өгөх, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх, санал хураалтын үр дүнг хэвлэн гаргах ажиллагаатай нэг бүрчлэн танилцлаа.
Сонгогч санал өгөх байранд орж ирээд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлж бүртгэлийн хуудсаа авна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу тухайн сонгогчийг үндсэн мэдээллээс гадна фото зургийн мэдээллийн сан, биеийн дахин давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулсан мэдээллийн сантай тулгаж байгаа тул сонгогч дахиж саналаа өгөх боломжгүйг компьютер харуулж байлаа.
Дараа нь саналын хуудсан дээрх тэмдэглэгээг зааврын дагуу хийгээд саналын хуудсаа санал тоолох автомат төхөөрөмжид хийнэ. Саналын хуудасны нүүрэн талыг аль ч талаар нь харуулан хийсэн сонгогчийн саналыг уншиж, саналын хуудсан дахь мэдээллийг санах ойдоо зурган болон тоон хэлбэрээр хадгална. Энэ явцад санал тооцогдохгүй байх, “алга болох” боломжгүйг туршилтаар харуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ “ Өнөөдөр жирийн иргэнээсээ эхлээд улсын Ерөнхийлөгчөө хүртэл хэн ч бай сонгуулиа шударга явуулах боломжтой юм байна гэсэн тэр итгэл үнэмшлийг л олж авах нь чухал байгаа юм.
Сонгуулийг хуулийн дагуу, шударга явуулах чиглэлд 2009 оноос хойш олон ажил хийсэн байгаа. УИХ, Засгийн газар, холбогдох яам газрууд бүгд анхаарч ажилласан. Миний хувьд сая Иргэний бүртгэлийн газар очиход эрх зүйн хувьд, санхүү, техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд иргэний бүртгэл давхцах, хүндрэл учрах зүйлгүй болжээ. Ийм боломж бүрэн бүрджээ гэсэн итгэл үнэмшил төрж байна. СЕХ-ны даргын саяын танилцуулгыг харж байхад сонгууль явуулахад, одоо төлөвлөж байгаа ажлуудаа хэрэгжүүлээд ажиллахад сонгуульд өмнө нь гардаг байсан будлиан маргаан гарахгүй байх эрх зүйн зохицуулалтыг сайн хийж өгсөн, амьдралд хэрэгжих боломжтой юм байна. Энэ итгэл үнэмшлийг олж авч байгаа гэдгийгээ харуулах гэсэн юм.
Дараагийн хэлэх нэг чухал зүйл бол өмнө нь манай хуульд хариуцлагын тухай асуудал их сул байдаг байсан. Хуулиа батлахдаа баахан үүрэг, эрх ярьж байгаад хариуцлага дээрээ очоод мартдаг байсан. Одоо энэ удаад хариуцлагын асуудлыг УИХ-ын сонгуулийн хуульд ч, НИТХ-ын сонгуулийн хуульд ч адилхан хоёуланд нь тодорхой хийж өгсөн гэж ойлгож байгаа. Хариуцлага алдах, дээр нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах юм бол ямар хариуцлага тооцохыг Захиргааны хариуцлагын болон Эрүүгийн хуульд заасан.
УБЕГ болон СЕХ-ны хамтын ажиллагааны харилцан уялдаа маш чухал байна. Энэ талаар ямар нэг хүндрэл гарахгүй гэж бодож байна.
Дахин хэлэхэд энэ удаагийн сонгуулийг ямар нэгэн хэл яриагүйгээр иргэдийнхээ өгсөн саналын дагуу дүнгээ гаргаад хэвийн явуулна гэсэн итгэлийг л авах гэж энд ирж байгаа юм. УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгч өөрийн биеэр хүлээж авдаг. Тиймээс энд Ерөнхийлөгчийн оролцох оролцоо, хариуцлага бас байгаа. Тийм учраас энд бүгдээрээ тал талаасаа хариуцлагатай ажиллая” гэлээ.