ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд явууллаа.
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд биеэр очих боломжгүй, нийтийн дайчилгаанд хамрагдсан; саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг санал авах өдрийн өмнөх өдөр /2023.06.17/ зохион байгуулсан бөгөөд хүсэлт ирүүлсэн сонгогчдын 96 хувь нь зөөврийн хайрцгаар санал өгчээ.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд нийт 78 нэр дэвшигч буюу Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 27, Иргэний Зориг Ногоон намаас 1, ХҮН намаас 1, Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас 1, бие даан нэр дэвшигч 7 өрсөлджээ.
Орон нутгийн Хурлын нөхөн сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчдээс томилогдсон 127 ажиглагч санал авах байруудад ажиллаж, сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, ажиглалт хийв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.”, мөн хуулийн 73.4-д заасны дагуу тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.