УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.16) нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7 хувийн саналаар батлагдав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэхүү өөрчлөлтөд парламент дахь намын бүлгүүдийн саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталж буйг онцлон дурдсан юм. Тэрбээр, Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалд байлгахыг хүсдэг олон эрх ашгууд бийг сануулж, тэр бүхэнд авталгүй, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд нэгдмэл санаа зорилготой Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцгойлон тэмдэглээд, цаашид эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр дуусгавар болж байгааг чухалчлан өгүүлэв.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар