“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ, 18-25 НАСНЫХАНД СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

Хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан сургагч багшаар 120 гаруй хүнийг бэлтгэн томилж, улмаар 2022, 2023 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18-25 насны залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгууллаа.

“Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэгт явуулж, сонгуулийн тухай анхан шатны ойлголт, мэдлэг олгож, хууль, тогтоомж, хариуцлагатай сонгогчийн эрх, үүрэг, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хяналт тавих ур чадварт суралцах дадлага суулгахыг зорив. Сургалтад ерөнхий боловсролын 11-12-р ангийн сурагчид, их, дээд сургууль, МСҮТ-үүдийн оюутнууд хамрагдаж, “Хариуцлагатай сонгогч”-ийн гэрчилгээ гардан авлаа. Сонгуулийн ерөнхий хороо энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалт ирэх сард үргэлжилнэ.