БОСНИ-ХЕРЦЕГОВИН УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮН ИРЕНА ХАДЖИАБДИЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Босни-Херцеговин улсын Сонгуулийн Төв Хорооны гишүүн Ирена Хаджиабдич, Латви улсын Парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чигане нарыг хүлээн авч уулзлаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан, Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн зэрэг байгууллагатай хамтран сонгуулийн кампанит ажил, иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр ажилладаг эдгээр олон улсын зөвлөхүүд Монгол Улсын сонгуулийн төв байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн төсөлд өгсөн санал, ялангуяа жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгасан эсэх, энэ талаарх байр суурь, оролцоог сонирхож, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцон, өөрийн орны туршлагаас танилцуулав.