Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томиллоо
Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн заримынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан тэдгээрийн оронд шинээр гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн 82.4 хувийн саналаар Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбатыг, Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Д.Гэрэлт-Одыг 87.8 хувийн саналаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Билэгтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар, мөн Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Н.Дагвыг гишүүдийн 87.8 хувийн саналаар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулууныг 89.8 хувийн саналаар тус тус Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн П.Бямбацэрэн, М.Мэндбилэг, Д.Сандаг-Очир, Х.Пүрэвсүрэн нарыг чөлөөлсөн байна.