СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.10-д заасан чиг үүргийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС төрийн бус байгууллагатай хамтран “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

Уг арга хэмжээ нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хөндлөнгийн хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх  арга замыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд төр, иргэний нийгмийг төлөөлөгч талууд сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээний ТББ, LEAD төгсөгчдийн холбоо болон сонгуулийн ажиглагчдын төлөөлөл оролцож, өмнөх сонгуулиудын туршлага, судалгаа, тоо баримтад үндэслэн танилцуулга, мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.