"АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ОДОО БА ИРЭЭДҮЙ" ОЛОН УЛСЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО
Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн босгон дээр буюу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурлыг Улаанбаатар хотноо цахим болон танхимаар зохион байгуулах бэлтгэл ажил хангагдлаа. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээ хоёр хэсгээс бүрдэх бөгөөд “Ардчилсан сонгууль-туршлага, сорилт”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Төрийн дээд байгууллагын сонгууль”, “Мэдээллийн технологи сонгуульд”, “Цахим үндэстэн: эрх зүйн орчин, дэд бүтэц”, “Иргэний нийгмийн байгууллагын оролцоо сонгуульд” сэдвээр төр, иргэний нийгэм, олон улсын сонгуулийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Олон Улсын онол, практикийн бага хуралд 300 гаруй хүн оролцохоор уригджээ. Хурлын үр дүнд чөлөөт, ардчилсан, шударга сонгуулийг явуулахад тулгамдаж буй асуудал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын чиглэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох төдийгүй сонгуулийн үйл ажиллагаанд оролцогч олон талуудын харилцан уялдаат хамтын ажиллагааг сайжруулах, шинэ гарц, гаргалгааг нээх түлхэц болох юм.