НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар хүлээн авч хуульд заасан хугацааны дотор хянаж дүнг танилцуулсан байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд нийт 8 нам, 1 эвслээс 14 нэр дэвшигч, бие даан 2 иргэн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 1,136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж тайлагнаснаас 1,134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ.

Сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна. Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Аудитын дүнд Үндэсний аудитын газраас Сангийн сайдад 1, мөн аудитын хуулийн этгээдүүдэд 1 зөвлөмжийг хүргүүлсэн байна. Аудитын тайланг дараах холбоосоос үзнэ үү. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчийн зардлын тайлан | Үндэсний Аудитын Газар (audit.mn)