МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Өнөөдрөөс 30 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан билээ. Уг хуулийг батлах байнгын ажиллагаатай Парламентын үндэс суурийг тавих шийдвэр буюу БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны тавдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар АИХ-ын болон орон нутгийн Ардын хурлын депутатуудын сонгуулийг 1990 оны 7 дугаар сарын 29-ний ням гарагт нэгэн зэрэг явуулахаар шийдвэрлэжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулах үүрэг бүхий нутаг дэвсгэрийн комиссыг хот, хөдөөгийн хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн анхан шатны байгууллага, цэргийн албан хаагчдын хурлаас сонгогдсон төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулж, Комиссын даргаар БНМАУ-ын АИХ-ын орлогч дарга, Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, сансарын нисэгч Ж.Гүррагчаа, орлогч даргаар БНМАУ-ын гавьяат багш, профессор Б.Хурметбек, нарийн бичгийг даргаар АИХ-ын тэргүүлэгчдийн ахлах референт Б.Шарбанди, комиссын гишүүдээр Д.Бадгаа, Я.Балгансүрэн, С.Баярцогт, С.Ванчиндорж, Д.Ганболд, Ц.Ганчимэг, Б.Дариймаа, Д.Дорлигжав, С.Жамаадорж, Ц.Жамсран, Д.Занаа, Д.Маам, Б.Мижид, Ё.Мөнхбаатар, Х.Ныгамет, С.Очирпүрэв, Ц.Өөлд, Ж.Хорлоо, Х.Цэвлээ, Л.Цэндсүрэн, С.Чулуунбаатар, Г.Энхтүвшин нарыг томилжээ.
Тус комисс нь заасан хугацаанд сонгуулийг зохион байгуулсан бөгөөд уг сонгууль нь Монгол Улсад анх удаа олон намын оролцоо, нам, эвслээс болон бие даан нэр дэвших эрхийг хангаснаар нэг тойрогт олон хүн нэр дэвшиж, сонгогчдод сонголтоо чөлөөтэй хийх боломж бүрдүүлсэн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, сонгуулийн түүхэнд шинэ хуудсыг нээж, ардчиллын жишигт бүрнээ нийцсэн сонгууль болсныг судлаачид онцолсон байдаг.
Ийнхүү Монгол Улсад 1990 оны 07 дугаар сарын 29-нд анхны ардчилсан сонгууль явагдсанаар Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхим бүхий Парламентыг бүрдүүлэн, Ардын Их Хурлын депутатыг нэг мандат бүхий 430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, байнгын ажиллагаатай Парламент болох Улсын Бага Хурлыг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө өгсөн саналд нь хувь тэнцүүлж буюу пропорциональ тогтолцоогоор сонгосон юм.