DET БУЮУ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
DET сургалт нь хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголт олгодог бөгөөд дэлхийн 39 оронд явагддаг, олон улсын хэмжээний, зохиогчийн эрхээр баталгаажсан сургалт юм. Дэлхийн хэмжээнд 380 гаруй сургагч багш байдгаас Монгол Улсад сургагч багшийн эрхтэй 30 багш иргэд, байгууллагуудад сургалтыг явуулж байна.
Түгээмэл хөгжил төрийн бус байгууллагаас Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлага, тэдгээрийн ялгаатай байдал, онцлог, нийгмийн зүгээс ирдэг хандлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд оролцоход нь хэрхэн дэмжлэг үзүүлэх, анхаарах асуудлуудын талаар онолын болон үйлчилгээний сургалтыг амжилттай зохион байгуулав.
Үйлчилгээний сургалт гэдэг нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог, хэрэгцээ шаардлагад үндэслэн тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд өөрийнх нь хэрэгцээ шаардлагад нийцсэн дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаарх арга техникт сургах, дадлагажуулах сургалт юм.
Түгээмэл хөгжил төрийн бус байгууллага нь өнгөрсөн сонгуулиудаар санал авах байрны хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн сонгох эрхийг хангах асуудлаар судалгаа тандалт, ажиглалт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие дааж, сонгох эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд чиглэсэн хүртээмжийн ажлуудыг хийсээр ирсэн билээ.
Хөгжлийн бэрхшээл гэж:
Бие эрхтний бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүрээлэн буй орчны СААД БЭРХШЭЭЛээс шалтгаалан бие эрхтний бэрхшээлтэй хүн нь бусад хүмүүстэй тэгш эрхтэйгээр нийгэмд бүрэн дүүрэн, үр ашигтай ОРОЛЦОЖ чадахгүй байхыг хэлнэ.
(НҮБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц)