Сонгуулийн ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтийг ирэх сарын 05-наас өмнө ирүүлэхийг санууллаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бүх шатны сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхэд сонгууль ажиглагчийн үүрэг чухал ач холбогдолтой юм.
Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд 4 хүртэл ажиглагчийг томилон ажиллуулах эрхтэй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Сонгууль ажиглах нийтлэг журам”-д заасны дагуу ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтээ харьяалах хэсгийн хороонд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө хүргүүлэхийг нам, эвсэл, нэр дэвшигчдэд сануулж, холбогдох мэдээлэл бүхий албан бичиг хүргүүллээ.
Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод нам, эвсэл, нэр дэвшигчээс томилсон ажиглагчдыг хуульд заасан эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагааг ажиглах боломжоор хангах, ажиглагчдыг бүрэн оролцуулахад анхаарч хамтран ажиллах чиглэл өгөв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн байж болно. Харин нэр дэвшигч, төрийн албан хаагч ажиглагчаар ажиллахыг хуулиар хориглодог.