ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үйл явцыг ажиглаж байна

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар 2021 оны 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-д явагдах Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцож байна.

Дэлхийн нийтийг донсолгосон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцаж байна.

Төрийн Думын сонгуульд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдөхөөр болсныг ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос мэдэгджээ. Улс даяар зохион байгуулагдах энэхүү сонгуульд дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцож байна.