“Сонгогчдын боловсролд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо” сэдэвт цахим уулзалт зохион байгууллаа
Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлох зорилгоор цахим уулзалт зохион байгууллаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сонгогчдод таниулах, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр тогтмол явуулахад сонгуулийн төв байгууллагын зүгээс анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг уулзалтын эхэнд онцлов. Мөн цаашид сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн саналыг Улсын Их Хуралд хүргүүлээд байгаа талаар дурдсан юм. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд болон улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг, ялангуяа уул уурхайн салбарын ажилтнууд, оюутнуудын саналыг цахимаар авах, сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдлийг судлах, шийдвэрлэх шаардлагатай хэмээлээ.
Уулзалтад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн 43 байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Глоб Интернэшнл төв ТББ, Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсролын төв ТББ, Монголын багш, эцэг, эхийн холбоо ТББ, МИДАС ТББ зэрэг байгууллагын төлөөллүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцад хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторингийн тайлан, дүгнэлтийг танилцуулав. Оролцогчдын зүгээс сонгогчийн боловсролд зориулсан ажлын олон санал, санаачлага гарсан бөгөөд уг саналыг нэгтгэж, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.