Сонгууль ажиглах түр хорооны ажиглагчидтай санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсн Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцыг ажигласан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах түр хорооны тэргүүн, хатагтай Лолита Чагане болон сонгуулийн шинжээчидтэй цахим уулзалт зохион байгууллаа.
Манай улс 19 жилийн өмнө ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орон болсон цагаасаа эхлэн ардчилсан сонгуультай холбоотой үүрэг амлалтыг тус байгууллагын өмнө хүлээж, хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн билээ. 2012 оноос хош явагдсан Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудыг ажиглахаар урт болон богино хугацааны олон улсын ажиглагчдыг илгээн ажиглалт хийж, манай улсын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, олон улсын жишигт хүрсэн сонгууль зохион байгуулах асуудалд анхааран тодорхой зөвлөмж өгсөөр ирсэн. Монгол Улс ч сонгуулийн эрх зүйн орчин, үйл ажиллагаагаа боловсронгуй болгоход тус байгууллагын зөвлөмжийг тусган ажилладаг.
Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлсэн үгэндээ, сонгуулийн урьдчилсан тайлантай танилцахад сонгуулийн үйл явцыг бүхэлд нь харахад тустай байлаа хэмээв. Түүнчлэн өмнө нь ажиглалтын тайлан, зөвлөмжийн гүйцэтгэлд төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан бол бид цаашид танай байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайлангаа хүргүүлэх замаар эргэх холбоотой ажиллаж, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх болно гэж онцоллоо.
Сонгууль ажиглах түр хороо сонгууль ажиглалтын урьдчилсан тайлангаа 6-р сарын 10-ны өдөр нийтэлж танилцуулсан бөгөөд эцсийн тайлангаа сонгууль дууссанаас хойш 2 сарын дотор гаргаж, нийтэд мэдээлэх юм.