Европын Холбооны Элчин сайд нартай цахимаар уулзлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын холбоо болон Европын зарим улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай өнөөдөр /2021-5-20/ цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтад Европын Холбоо, ХБНГУ, Унгар, Франц, Чех улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Люксембург, Португал, Румын, Финлянд, Грек Улсын Элчин сайд нар оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал тавьж буй Элчин сайд нарт талархлаа илэрхийлээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацаандаа хэвийн явагдаж хийгдэж байгааг цохон хэллээ. Цаашид гадаад улсад байгаа иргэд, шилжилт хөдөлгөөний улмаас саналаа өгч чадахгүй байгаа зарим сонгогчдын сонгох, сонгогдох эрхийг хангахад анхаарч ажиллана гээд, тэрхүү зорилгоор санал өгөх системийг цахимжуулах, цахимаар санал өгөх боломж бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Тэрбээр цааш нь, Европын  Холбооны гишүүн орнууд болон сонгуулиар мэргэшсэн олон улсын байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаа мэдэгдээд байгаа бөгөөд сонгуулийг ил тод, нээлттэй, чөлөөтэй ажиглах  боломж бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ. АИХЭА-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Франц, Испани, Чех, Итали, АНУ зэрэг орны ажиглагчид багтаж байгаа билээ.

Уулзалтын үеэр нэр дэвшигчдийн бүртгэл, цар тахлын үед санал авах байрны хэвийн, аюулгүй  ажиллагааг хангахад баримтлах журам, гадаад улс дахь сонгогчдын бүртгэл зэрэг тэдний сонирхсон асуултад хариуллаа. 

Цахим уулзалтад оролцсон Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд, мөн сонгууль ажиглахыг урьсанд талархал илэрхийлэв.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО