Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх журам батлагдлаа

           Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн бус байгууллагаас сонгуулийн ил тод байдлыг хангахад оролцох,  сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллагууд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам”-ын төслийг хэлэлцэн батлаад байна. Энд дарж үзнэ үү.

Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх үйл ажиллагаа явуулах ТББ нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж зөвшөөрөл авна.

ТББ нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх хүсэлтийн хамт сонгууль товлон зарласнаас хойш 15 хоногт буюу 2012 оны 5 дугаар сарын 13-нд багтаан Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх юм.

ТББ нь ийнхүү хүсэлтээ илэрхийлэхдээ дараах баримт бичгийг хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: Үүнд:

1.    байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.    хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ажлын төлөвлөгөө, хуваарь /төлөвлөгөөнд тусгасан ажлыг гүйцэтгэх эзний нэртэй байна/;

3.    ТББ-аас ажиллах хүний нэрс, тоо зэрэг болно.

 

ТББ хяналт шинжилгээ /мониторинг/ хийхтэй холбоотой мэдээлэл авах ажиллагааг Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасны дагуу гүйцэтгэх юм.