Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах журам батлагдлаа

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах журам батлагдлаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам,  Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар,  Консулын газар,  Консулын  төлөөлөгчийн  газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Гадаад харилцааны сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тогтоол, тушаалаар батлаад байна. Энд дарж үзнэ үү.

Энэ журамд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран байгуулна гэж заасны дагуу Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн комисс байгуулагдан ажиллаж байна.

Уг комисс нь Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах салбар комисс /цаашид “Салбар комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 31-ээс доошгүй хоногийн өмнө 2012 оны 5 дугаар сарын 10-аас өмнө байгуулах юм.

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 07:00-20:00 цаг хүртэл хугацаанд авахаар тогтоогоод байна.

Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /сонгуулийн эрх бүхий иргэн/ санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс буюу 2012 оны 5 дугаар сарын 11-ээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, сонгуульд  оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.

Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. Үүнд:

-      эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

-       төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

-       иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

-      хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;

-      одоо оршин сууж байгаа газрын хаяг зэрэг болно.

 

Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах бөгөөд саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

           

Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж саналаа өгөх ба үүний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.