Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын сонгууль
2021.01.10
Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламент хоёр танхимтай. Дээд танхим болох Сенатын гишүүдийг шууд бусаар сонгодог бол 107 гишүүн бүхий Доод танхим "Мажилис"-ын 98 гишүүyнийг шууд сонгодог. Тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь Аюулгүйн зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн бөгөөд Парламентын доод танхимын 9 гишүүнийг томилдог эрх бүхий Парламентын даргын албан тушаалыг хашиж байгаа юм.
Тус улсад 2021 оны 01-р сарын 10-нд Парламентийн доод танхим "Мажилис"-ийн ээлжит сонгуулийг орон нутгийн сонгуулийн хамт зохион байгуулав.
Сонгуулийн төв комисст бүртгэлтэй улс төрийн 6 нам байдгаас 5 нь Мажилисын сонгуульд оролцсон бөгөөд улс төрийн 5 намаас нийт 312 нэр дэвшигчид бүртгэгдэн өрсөлдсөний 28,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв.
Мажилисын 98 гишүүнийг хаалттай жагсаалт бүхий пропорционал системээр сонгосон. Саналын босго 7 хувь байх бөгөөд өөрөөр хэлбэл, тухайн намын улсын хэмжээнд авсан санал нь 7%-д хүрсэн тохиолдолд Мажилист суудал авах эрхтэй болох юм. Хэрвээ сонгуулийн үр дүнгээр зөвхөн 1 нам уг босгыг давсан тохиолдолд дараагийн, хамгийн их санал авсан намд хамгийн багадаа 2 суудал хуваарилагдана.
Сонгуулийн байгууллага
Сонгуулийг зохион байгуулж явуулах ажлыг Сонгуулийн төв байгууллага, орон нутгийн 232 сонгуулийн байгууллага хариуцан гүйцэтгэж, улс даяар нийт 10,060 санал авах байрыг байгуулан ажиллуулсан байна. Үүнээс 66 санал авах байрыг гадаад улс дахь Элчин сайдын яамдуудад нээн ажиллуулжээ.
Сонгуулийн төв комиссын дарга болон 2 гишүүнийг тус улсын Ерөнхийлөгч томилж, үлдсэн хоёр гишүүнийг Парламентын хоёр танхимаас 5 жилийн хугацааатай томилдог байна. Мөн Комиссын 2 гишүүн эмэгтэй, доод шатны сонгуулийн байгууллагад ажиллагсдын 67.7% нь эмэгтэй ажилтнууд байв.
Ковид-19 цар тахлаас хамгаалах талаар
Тус Улсын Эрүүл мэндийн яам, Сонгуулийн төв комисстой хамтран нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгааны болон санал хураалтын явцад халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх баримт бичгийг боловсруулан батлуулж, мөрдөн ажилласан. Сонгуулийн ажилтнуудын сургалтыг цахимаар болон танхимаар явуулжээ.
Сонгогч
Нийт бүртгэлтэй сонгогчдын тоо 2021 оны 1-р сарын 10-ны байдлаар 11,915,903 байсан ба сонгогчийн ирц 63.3%-тай байв.
Тус улсын 18 нас хүрсэн сонгуулиийн эрх бүхий иргэд санал хураалтад оролцох эрхтэй бол хорих ангид ял эдэлж байгаа болон оюун санааны бэрхшээлтэй болох нь шүүхээр нотлогдсон иргэд саналаа өгөх эрхгүй байдаг.
Нэр дэвшигч
Хууль тогтоох байгууллагад 25 насанд хүрсэн, эх орондоо 10 жил амьдарсан хүн сонгогдох эрхтэй. Харин Парламентын сонгуульд иргэд бие даан нэрээ дэвшүүлэх болон намууд эвсэл байгуулан сонгуульд оролцож нэр дэвшүүлэх боломжгүй ба зөвхөн Сонгуулийн төв комисст бүртгүүлсэн намууд нэр дэвшүүлэх тухай Сонгуулийн тухай хуулинд нь заасан байдаг.
Улс төрийн намын тухай хуульд 2020 онд оруулсан өөрчлөлтөөр улс төрийн намуудын гишүүнчлэлийн тоог 40,000-аас 20,000 хүртэл бууруулсан байна.
Сонгуульд өрсөлдөх намууд өмнөх парламентын сонгуулиар 7 хувийн босгыг давсан байх ёстой байсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар мандатын тооноос 30 хувиар илүү тооны хүнийг нэр дэвшүүлэх буюу 127 хүнийг нэр дэвшигчийн жагсаалтдаа бичих боломжтой байв. Нэр дэвшигч тус бүр сонгуулийн дэнчин болох 637,500 (1250 евро) тенгэг төлөх учиртай.
Энэ удаагийн сонгуульд эрх баригч Нур Отан нам 126 нэр дэвшигч, Үндэсний эх орончдын нам 113 хүн тус бүр нэр дэвшүүлсэн байна. Бусад нь буюу Ак Жол, Ауюл, Адал зэрэг намууд 38,19,16 хүн нэр дэвшүүлжээ.
Намаас нэр дэвшигчдийн 30%-д эмэгтэй, эсвэл залуу нэр дэвшигч байх квотын шаардлагыг анх удаа тавьсан байна.
Сонгуулийн сурталчилгаа нь 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 01 сарын 08-ны өдрүүдэд явагдаж дууссан. Одоогийн эрх баригч нам Нур Отаны сурталчилгааны гол агуулгад нийгмийн болон дэд бүтцийн хөгжлийг дэмжих, эдийн засгийг сайжруулах асуудлууд багтаж байжээ.
Сонгуулийн урьдчилсан дүн
Сонгуулийн төв комиссоос гаргасан мэдээгээр, сонгуулийн санал хураалт оройн 21.00 цагт дуусч, нийт сонгогчдын 63.3% оролцож саналаа өгсөн байна.
Сонгуулийн төв комиссоос 01-р сарын 11-ний өдөр сонгуулийн урьдчилсан дүнг дараах байдлаар танилцуулав:[1]
"Нур Отан" нам - 71.09%-ийн санал авсан,
"Aк Жол" Казахстан Улсын Ардчилсан нам - 10.95%-ийн санал,
"Казахстаны Ард түмний нам" - 9.10%-ийн санал,
"Aюыл" Эх орончдын арчилсан нам - 5.29%-ийн санал,
"AДАЛ" нам - 3.57%-ийн саналыг тус бүр авсан байна.
Эх сурвалж:
Сонгуулийн төв комиссын цахим хуудас
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас гаргасан Сонгууль ажиглалтын урьдчилсан тайлан
[1] https://www.election.gov.kz/eng/news/releases/index.php?ID=6185