Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль
2021.01.10
Тус Улсын парламентын сонгууль 2020 оны 10-р сарын 4-нд явагдсан ч олон нийтийн зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас сонгуулийн үр дүнг цуцалж тус улсын Ерөнхийлөгч асан Сооронбай Жеенебеков албан тушаалаасаа сайн дураараа огцорсон үйл явдал болсон юм.
Үндсэн хуулийн дагуу, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг Парламент (Жогорку Кенеш) Ерөнхийлөгчийг огцорсоноос хойш 7 хоногийн дотор товлох бөгөөд сонгуулийг мөн 3 сарын дотор зохион байгуулж явуулна.
Сонгуулийн төв байгууллага нь Үндсэн хуулийн дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 2021 оны 1-р сарын 10-нд явуулахаар товлосон.
Уг сонгуультай хамт тус Улсын засаглалын хэлбэрийг тодорхойлох зорилгоор ард иргэдийн дунд санал асуулгыг явуулсан бөгөөд иргэд-сонгогчид Ерөнхийлөгчийн, эсхүл Парламентийн засаглалтай байх, эсхүл аль ч хэлбэрийг сонгохгүй гэсэн асуулгаар саналаа өгчээ.
Сонгуулийн байгууллага
Сонгуулийн төв комисс болон орон нутгийн 56 сонгуулийн хороод, нийт 2474 санал авах байрыг улс даяар байгуулан ажиллуулсанаас 48 санал авах байрыг гадаад улсад нээн ажиллуулсан.
Сонгуулийн төв комиссын гишүүдийг Парламентаас 5 жилийн хугацаатай томилдог. Нийт 12 гишүүний 1/3-ийг Ерөнхийлөгч, 1/3-г Парламент дахь олонхи, 1/3-г Парламент дахь сөрөг хүчнээс нэр дэвшүүлдэг ба Комиссын гишүүдийн 70%-аас дээшгүй хувь нь аль нэг хүйсийнх байдаг.
Сонгогч
Сонгуулийн санал авах өдөр 18 насанд хүрсэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийлгэн, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн БНКирУ-ын иргэн саналаа өгөх эрхтэй.
2021 оны 1-р сарын 02-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 3,564,574 сонгогч бүртгэгдсэнээс 1,860,477 (52,21%) -ийг эмэгтэй сонгогч бүрдүүлж байв. 2017 онд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчийн тоо 3,025,770 байсан юм.
Сонгогч санал өгөхөөр бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны 12-р сарын 29-ний өдөр байсан.
Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгөх ба сонгогчийн цахим бүртгэл 'Тизми' порталыг Сонгуулийн төв комисс ажиллуулан сонгогчийн бүртгэлийн талаар сонгогчдод мэдээлдэг.
Гадаад улс дахь нийт 49,479 сонгогчийн санал авах ажлыг 28 улсад байгуулсан 48 санал авах байранд явуулжээ.
Нэр дэвшигч
Улс төрийн намаас болон бие даан Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр 65 хүн Сонгуулийн төв комисст хүсэлтээ ирүүлсэнээс 18-ийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Сонгуульд нийт 7 эмэгтэй өрсөлдөхөөр нэр дэвшигчийн баримт бичгээ хүргүүлсэн ч зөвхөн нэг эмэгтэй (Клара Сооронкулова) нэр дэвшигчээр бүртгэгджээ.
Нэр дэвшигчдэд хуулиар тодорхой шалгуур тавигддаг бөгөөд уг шалгуурт тус улсад 15 жил оршин суугаа, 35-70 насанд хүрсэн тус улсын иргэн байх, төрийн албан ёсны хэл болох Киргиз хэлтэй байх зэрэг багтдаг бол бол гэмт хэргийн улмаас шийтгүүлэн ял эдлэх хугацаа нь дуусаагүй, эсхүл давхар иргэншилтэй иргэнийг нэр дэвшихийг зөвшөөрдөггүй. Нэр дэвшигчид мөн 30,000 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан, 1 сая сом (12,250 ам.долллар)-ын барьцаа өгдөг байна.[1]
Мөн түүнчлэн Киргиз хэлний шалгалт өгч тэнцсэн байх шалгуурыг тавьдаг байна. Сонгуулийн төв байгууллага нь баримт бичгийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор нягтлан шалгаж, дахин тодруулах эсвэл дутуу бичиг баримтыг 3 хоногийн дотор нөхөж бүрдүүлэх, тодруулах боломжийг нэр дэвшигчдэд өгдөг.
Бүртгүүлсэн нэр дэвшигчид 12-р сарын 15-нд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн.[2]
Ковид-19 цар тахлаас хамгаалах талаар
Сонгуулийн байгууллагын бүх ажилтнууд, ажиглагчид, санал авах байрны бусад ажилтнуудад маск, бээлий, нүүрний хаалт, шаардлагатай бол хамгаалалтын хувцас өгч халдвараас сэргийлэх ажлыг гүйцэтгэх, ариутгал хийх талаарх сургалтыг зохион байгуулсан.
Санал авах бүх байранд халуун хэмжигч багаж хүргүүлэн холбогдох бусад төхөөрөмж, зааврыг байрлуулсан.
Санал хураалтын үйл явц
Санал хураалтын дүнг автомат машинаар тоолуулан серверт дамжуулахаас гадна гар тооллого явуулж эцсийн дүнг гаргана. Сонгуулийн төв комисс сонгуулиийн эцсийн дүнг гараар тоолсон дүнд үндэслэх ба 1 сарын 24-нд дүнг зарлана. Аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй бол хоёр дахь санал хураалт явуулна.
Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн
Сонгуулийн төв комиссоос мэдээлсэн урьдчилсан дүнгээр, 1-р сарын 10-ны өдрийн 21 цагийн байдлаар нийт санал тоолох төхөөрөмжийн 96,44%-ийн дүнг нэгтгэсэн бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналын хувийг дараах байдлаар харуулжээ:
- Жапаров Садыр – 79,18%
- Исаев Канатбек – 0,58%
- Арстанбек Мыктыбек – 1,68%
- Сооронкулова Клара - 0,99%,
- Ташов Имамидин – 1,19%
- Тагаев Рашид – 0%,
- Сегизбаев Абдил – 1,46%
- Мадумаров Адахан – 6,70%
- Касенов Аймен – 0,91%
- Кочкоров Улукбек – 0,68%
- Байгуттиев Женишбек – 0,09%
- Абакиров Эльдар – 0,50%
- Асанов Курсан – 0,50%
- Абдылдаев Арстанбек – 0,08%
- Джеенбеков Равшан – 0,19%
- Калмаматов Бактыбек – 0,50%
- Тольбаев Бабыржан – 2,35%
- Иманалиев Каныбек – 0,18%
- Аль ч биш – 1,34%
Харин, БНКирУ-ын засаглалын хэлбэрийн тухай иргэдээс авсан санал асуулгын урьдчилсан дүн дараах байдлаар гарчээ:
- Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн санал – 81,29%,
- Парламентийн засаглалыг дэмжсэн санал – 10,85%,
- Аль ч хэлбэрийг дэмжээгүй санал – 4,43%.
Эх сурвалж:
Сонгуулийн төв комиссын цахим хуудас
[1] Сонгуулийн тухай хуулийн 49-р зүйл
[2] Сонгуулийн тухай хуулийн 23.1-р заалт