АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглах арга хэмжээнд оролцов
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улс даяар явагдаж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 11-р сарын 04-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглах арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уригдан оролцож, сонгуулийн үйл ажиллагаатай танилцан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческитэй уулзах үеэрээ АНУ-ын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах боломжийг олгосон өргөн арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийлэн, сонгуулийн үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. Элчин сайд хариуд нь энэ онд явагдсан Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн Хурлын сонгуулиа маш амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг гадаадын ажиглагчийн хувиар ажиглаж, Сонгуулийн ерөнхий хорооноос ажиглагчдад очиж мэдээлэл хийж өгсөн тухай дурдсан юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Майкл С.Клечески хэлсэн үгэндээ “Сонгууль бол нэг өдрийн үйл ажиллагаа бус, маш урт удаан хугацааны турш явагддаг цогц үйл ажиллагаа юм. Бидний хувьд дөрвөн жилд нэг удаа тохиодог төрийн тэргүүнээ сонгох чухал сонголтоо хийж байна. Энэхүү сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон хүн цугласанд үнэхээр их догдолж байна. Сонгуулийн үр дүнг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй. Хэн нь ялагдаж, хэн нь ялахаас үл хамааран амьдрал хэвийн үргэлжилнэ. Ямартай ч ардчилал гэдэг бол олон талт үзэл бодлыг шингээж байдаг зүйл учир хэн ч ялсан бай ирээдүй цаашид улам гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Сонгууль ажиглах арга хэмжээнд оролцогчид АНУ-ын сонгуулийн тухай, тус улсын муж бүрээс Ерөнхийлөгчид саналаа өгөх Сонгогчдын коллегийн тухай мэдээлэл авахаас гадна санал өгөх үйл явцыг загвар саналын хуудас ашиглан загвар санал хураалт (Mock election)-д болон сонгуулийн талаарх сонгогчдын санаа бодлыг санал асуулгаар авдаг Exit Poll үйл ажиллагаанд оролцлоо.