Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны цахим семинар зохион байгуулагдав
2020.10.29
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны Нарийн бичгийн дарга нарын газар нь Өмнөд Африкийн Их сургууль (UNISA) болон БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисстой хамтран “Хямралын үед сонгуулийн мэдээллийг сонгогчдод түгээх нь” сэдвийн хүрээнд 2020 оны 10-р сарын 29-ний Пүрэв гаригт цахим семинар зохион байгуулав.
Семинарын сэдвийн хүрээнд Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES)-гийн Бүсийн захирал, Малави Улсын Сонгуулийн комиссын дарга, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Үндэсний сонгуулийн комисс, Уганда Улсын Сонгуулийн комиссын сонгогчдын мэдээлэл, менежментийн газрын захирал, Солонгосын Иргэний ардчилалын боловсролын хүрээлэнгийн зөвлөх, Өмнөд Африкийн Их сургуулийн профессор нар илтгэл танилцууллаа.
Илтгэгчдийн танилцуулгад цар тахалтай холбоотой арга хэмжээнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд тулгарч буй бусад ерөнхий асуудлыг онцолж байв.
Цахим хурлын үеэр гарсан сонин содон асуулт тодруулгаас дурдвал, Малави Улс сонгуулийн саналын хуудсыг Дубай Улсад хэвлэдэг бөгөөд Ковид-19-ийн цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед саналын хуудсыг тээвэрлэхэд хүндрэл гарсан эсэх талаар, мөн саналын хуудсаа эх орондоо үйлдвэрлэх боломжтой эсэхийг тодруулсан асуултад: “Малави улс дотооддоо саналын хуудсаа хэвлэх хүсэлтэй ч улс төрчдийн зүгээс хэвлэх үйл ажиллагаанд итгэлгүй байдагаас гадна дотоодын хэвлэлийн компанид хэвлүүлэх өртөг нь гадаад улсад хэвлүүлэхээс илүү өндөр байдаг” хэмээсэн юм. Түүнчлэн тус улсад сонгуулийн үеэр цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүн муутай учраас Ковид-19-ийн халдварын тохиолдлын тоог нэмэгдэхэд хүргэсэн гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь үүний эсрэг байр үр дүн гарсан гэж үзсэн ажээ.
Цар тахлын дэгдэлттэй байх үедээ сонгуулийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан Өмнөд Солонгос Улс нь өөрийн туршлагаасаа семинарт оролцогчидтой хуваалцсан дэлхий дахинд сонгуулиа зохион байгуулж байгаа, зохион байгуулахаар зэхэж байгаа улс орнуудад томоохон сургамж, туршлага болж байгаа билээ.