“Сөүл - Олон улсын сонгуулийн онлайн форум 2020” зохион байгуулагдав
2020 оны 10 дугаар сарын 27
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комисс өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Сөүл - Олон улсын сонгуулийн онлайн форум 2020”-ыг зохион байгуулж явуулав.
Форумд Шинэ Зеланд Улсын Сонгуулийн комисс, Солонгосын Иргэний болон сонгогчдын боловсролын хүрээлэн, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA), Солонгосын Үндэсний сонгуулийн комиссын бодлогын ахлах зөвлөх, Йонсэй Их сургуулийн Гадаад харилцааны сургуулийн профессор нар оролцож “Цар тахлын үеийн сонгууль зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах нь” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.
Бүгд Найрамдах Солонгос Улсад явагдсан парламентын сонгуулийн туршлагыг олон орон цар тахлын үед сонгууль зохион байгуулахдаа авч хэрэгжүүлж байна.
Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг хугацаанд нь явуулах, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн асуудлыг анхаарч үзэх нь зүйтэйг илтгэгчид онцолж, илтгэлүүддээ дараах саналыг дурдав. Үүнд:
- Сонгуулийн хугацааг хойшлуулах хууль эрх зүйн зохицуулалт бий эсэх;
- Ковид-19 гэх мэт онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хууль эрх зүйн зохицуулалтыг харах;
- Сонгуулийг хойшлуулах тохиолдолд энэ талаар сонгуульд оролцогчдын хооронд хэлэлцэн зөвшилцөлд хүрэх;
- Сонгууль явагдах хугацаа нь тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор нарийн бодож төлөвлөсөн, сонгогчдод тохиромжтой, боломжит хугацаанд товлогдох,
- Сонгогчийн ирцийн асуудлыг харгалзаж үзэх зэрэг болно.
Учир нь зарим оронд сонгуулийн ирцийн босготой байдаг ч ирц хүрэхгүй болох тохиолдол гарч болох юм. Тухайлбал, цар тахлын үед зохион байгуулагдсан Франц Улсын орон нутгийн сонгуулийн сонгогчийн ирц нэлээд бага байсан бол Өмнөд Солонгос зэрэг улс оронд сонгогчийн ирц эсрэгээрээ өмнөх сонгуулиудаас өндөр байсан туршлага ч бий.
Солонгос Улсын хувьд цар тахлаас өмнө сонгогчийн саналыг урьдчилсан санал хураалтын аргаар авч байсан, хууль эрх зүйн зохицуулалт хэдийнэ бий болсон байсан нь давуу тал болсон. Хэдийгээр уламжлалт санал хураалтын аргыг хэвээр авч үлдэх нь зөв ч санал хураалт явуулах бусад аргыг улс орнууд туршин хэрэгжүүлэх нь цар тахлын болон цаашид болох сонгуулиудын үеэр бусад оролцогчдын оролцоог хангах тал дээр ач холбогдолтой болох юм.
Форумийн илтгэгчээр оролцсон АСДҮОУХ-ийн төлөөлөгчийн тухайд Итали Улсын иргэн хэдий ч Австрали Улсад ажиллаж байгаа тул саналаа цахимаар өгч сонгох эрхээ эдлэх боломжтой байгаа бол Йонсэй Их сургуулийн профессор нь АНУ-ын иргэн тул мөн цахимаар саналаа өгөх боломжтой бөгөөд цаг завгүй хүмүүст гар утсаар саналаа өгөх аргууд уламжлалт аргаас илүү тохиромжтой гэдгийг дурдаад ингэснээр оролцоо сайтай сонгуулийг зохион байгуулах боломжтой гэлээ.
Эдгээр санал хураалтын онцгой аргуудыг ашиглах тохиолдолд аюулгүй байдал болон санал худалдах асуудлыг сайтар анхаарч үзэх нь зүйтэйг онцлов. Улс орнууд цар тахлын үеэр санал хураалтын бусад аргыг судлах, бусад орноос суралцах мөн туршиж үзэж байгаа нь нөгөөтэйгүүр ардчилсан сонгуулийн үйл ажиллагааг өмнөхөөс илүү оролцоо сайтай болгоход эерэгээр нөлөөлж байна.
Мөн сонгуулийн удирдлагын байгууллагууд санал хураалтын үйл явц, түүнтэй холбоотой дүрэм журмаа эргэн харж сонгогчдод илүү ээлтэй, таатай болгож байгаад бид мөн баяртай байна. АНУ-д Ковид-19-ийн тохиолдол их байгаа ч миний ажигласанаар иргэд өөрсдийн эрүүл мэндийг анхаарахын зэрэгцээ холбогдох арга хэмжээг авч ардчилсан сонгуульд саналаа өгөхийг чухалчилж байна гэж Йонсей Их сургуулийн профессор дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.