ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат нар оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.

Цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор нь хангахаар ажиллацгааж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан  нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгав.

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ аван бэлтгэлээ хангалаа.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж сонгогчийн санал авах ажиллагаанд бэлэн болсон байна.

Өнөөдөр буюу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өглөөний 9 цагаас эхлэн явагдаж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгогчиддоо хандаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж уриалга гаргажээ.