НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ТУРШИЛТЫН СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЖИГЛАЛАА
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг 2020 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 12 цагаас улс даяар нэгэн зэрэг зохион байгуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр СЕХ-ноос улс төрийн намуудын төлөөллийг өөрсдийнхөө сонгосон санал авах байранд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилт хийхэд оролцож, ажиглалт хийхийг урилаа.
Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын төлөөлөл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах хэсгийн хороонд очиж сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг хийх санал гаргасны дагуу очиж туршилтын сонгууль явуулан оролцогчдыг ажиглах бололцоогоор хангасан юм.
Санал тоолох төхөөрөмжид уншуулах саналын хуудсуудыг уг ажиллагаанд оролцож байгаа оролцогчдоор бөглүүлэн санал тоолох төхөөрөмжид уншуулж, дүнг төв серверт дамжуулан, ийнхүү дамжуулсан дүн санал тоолох төхөөрөмжийн дүн, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээ хоорондоо тохирч байгаа эсэхийг танилцууллаа.