СОНГУУЛИЙН ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг 2020 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 12 цагаас улс даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2148 санал авах байранд 2615 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм. Сонгогчийн тооноос шалтгаалан 1681 санал авах байранд тус бүр нэг төхөөрөмж, 467 санал авах байранд тус бүр 2 төхөөрөмж байрлуулаад байна.   

Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтын ажил нь санал хураалтын өдрийн бэлэн байдлыг хангахын тулд санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой юм.

Сонгуулийн автоматжуулсан системийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй 21 аймаг, 9 дүүрэгт ажиллах мэдээллийн технологийн 30 багийн бүрэлдэхүүн, санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн даамал, нийт 2559 төрийн албан хаагчид ажиллана.

Энэхүү туршилтын ажилд санал авах байранд хүргэгдсэн санал тоолох төхөөрөмжид дагалдан очсон, урьдчилан бэлтгэсэн туршилтын саналын хуудсыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжид уншигдах боломжтой, бүх нэр дэвшигчид санал өгсөн болон санал огт тэмдэглээгүй саналын хуудсууд, түүнчлэн төхөөрөмжид уншигдах боломжгүй, мандатын тооноос илүү тэмдэглэгээтэй хуудас, бар кодын гэмтэлтэй хуудсуудыг тус тус уншуулж, дүнг төв серверт хамгаалалт бүхий сүлжээгээр дамжуулахад ямар нэгэн доголдол, алдаа гарсангүй.  

Ийнхүү сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажил амжилттай болж өнгөрлөө.